Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүн, сайд нартай хамтран ажилах гэрээнд гарын үсэг зуржээ

2015-12-21

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд боллоо. Семинарын хаалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ: -Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа түүхий эдийн үнийн уналтаар манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурснаас төсвийн орлого бүрдүүлэлтэд ихээхэн хүндрэл учирч байна.

Байдал хүнд байна гээд гараа хумхин суух биш бүх бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай байна. Засгийн газар  эдийн засгийн хүнд байдлаас гарах талаар бүхий л бололцоог дайчлан ажиллаж, тодорхой үр дүнд хүрч чадлаа. Дэлхийн том 20 банк, АНУ, Австрали, Канадын Засгийн газар хамтарч Оюутолгойн гүний уурхайн төслийн санхүүжилтэд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноор ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сэргэхээс эхлээд манай нийт эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.

Орон нутгийн хөгжлийн санг байгуулснаар аймаг, орон нутагт хийх санхүүжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг иргэдийн саналын үндсэн дээр төлөвлөн хэрэгжүүлдэг болсон энэ нөхцөлд түүнийг үр ашигтай зарцуулахад  тавих хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авах шаардлагатай байгааг Ерөнхий сайд анхааруулсан байна.

Бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх жил үргэлжлүүлж, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замыг ирэх оны эхний хагаст дуусгана. Баруун таван аймгийн авто замын хэсэг болгон эзэнтэй болж, санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн учраас ирэх хавраас эрчимтэй явагдана. Аймгийн удирдлагууд Авто зам засвар, арчлалтын менежментийг сайжруулан, шинэ бүтэц зохион байгуулалтад оруулж, баригдсан замаа эзэнжүүлэх чиглэлийн ажлаа шинэ түвшинд гаргах шаардлагатайг анхааруулжээ.

Аймгийн төв бүрт 1,000 айлын орон  сууц барих зорилтыг үндсэнд нь биелүүлж, сумын төвийн шинэчлэлийн хүрээнд 16 сумын төвийн дулаан хангамж, дэд бүтцийн шугам сүлжээг шинэчиллээ. Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар 18 сургууль, 33 цэцэрлэг, 12 дотуур байр, 8 соёлын төв, 12 эмнэлгийн барилга барьж ашиглалтад орууллаа. Цаашид нийгмийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү ашиглах бодлогыг баримтлах нь зүйтэй байгааг сануулсан байна.

Семинарын төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын гишүүн, сайд нартай хамтран ажилах гэрээнд гарын үсэг зуржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%