Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас өнөөдөр /2016.01.13/ “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга нээж, арилжааны банкуудаас гаргадаг цалин, тэтгэвэр, төсөл, орон сууц зэрэг үндсэн зээлүүдийн хүүгийн одоогийн нөхцөл байдлын ялгааг харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Мөн “Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал”сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас, Төрийн банк, Капитал, Ариг зэрэг банкны удирдлагууд хүрэлцэн ирж иргэдийн асуулт санал гомдлын хариуг өгөв.
Олон нийтийн зүгээс арилжааны банкны үйл ажиллагаа, бүтээгдхүүн үйлчилгээнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас энэ сэдвээр холбогдох хүмүүсийг нь байлцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсанд оролцогчид талархаж байлаа. Тэдний зүгээс тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцны зээл авахад тулгардаг хүндрэл тэр дундаа зээлийн хүүний хэмжээ хэт өндөр, сард 2 удаа авдаг, зээлээ дуусгасан байхад гэрээний үлдсэн хугацааны хүүг тооцож суутгадаг зэрэг асуудлыг хөндөж байв.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь, сарын 1,5 хувийн хүүтэй байгаа юм. энэ нь хэрэглэгчдийн эрх ашигт нийцэхгүй байна, хүүг бууруулах боломж байна уу? гэсэн асуултыг ахмадууд банкны удирдлагуудад тавьж байна. Мөн энэ хүсэлтээ бичгээр гаргаж 48 хүн гарын үсгээ зурлаа.
Харин арилжааны банкуудын зүгээс цалин тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудалд одоо шууд хариулт өгч чадахгүй, ТУЗ-өөр хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэсэн тайлбарыг өглөө. Ингэснээр шат дараатайгаар дээр дурдсан арга хэмжээнүүдийг авах юм.
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлэлцүүлгийн төгсгөлд “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж сэдэв” -ээр анх удаа болж байгааг онцолж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, дээд шатны байгууллагуудад нь хандах, тэтгэвэр болон цалингийн зээлийн хүүг бууруулах үүднээс арилжааны банкуудад хандаж зөвлөмж уриалга гаргах нь зүйтэй гэлээ.