Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасанжавтай
ярилцлаа.
Хөгжлийн бодлогын хэлтэс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Байгаль орчин,
аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар,
Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Хүнс,
хөдөө аж ахуйн газар гэсэн агентлагтай хамтарч ажилладаг. Дархан-Уул аймгийн
ИТХ-аар 2016 оны төсөвт олон ажил хийхээр төсөвлөсөн ч харамсалтай нь эдийн
засгийн хямралтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдийнхээс гуравны нэгээр танагдсан
гэж хэлж болно. Энэ төсвийг батлуулахад Дархан-Уул аймагт энэ онд хийх ажил,
улсын болон аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан дээр хийх ажил зэргийг
хэлэлцсэн. Мөн дугуйн замын ажил 2-3 жилийн өмнө яригдаад явахгүй байсныг Засаг
даргын санаачилгаар, мөн аймгийн энэ оны зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
ажлыг баталлаа.
-Зорилтот хөтөлбөрт ямар ажлууд багтсан бэ?
-Энэ онд Хүүхэд хөгжлийн ордон барихаар боллоо. Үүний 50 хувийн
санхүүжилтийг орон нутгаас, үлдсэн 50 хувийг Дэлхийн зөн олон улсын
байгууллагаас гаргахаар боллоо. Энэ ордон нэг тэрбум 53 сая төгрөгийн төсөвт өртөгтэй.
Мөн энэ онд дугуйн зам барина. Дархан-Уул аймгийн хүн ам их төвлөрч байгаа
газруудад дугуйн зогсоол, гэрэлтүүлэг, камер суурилуулж өгнө. Дугуйн зам
хашлага, хамгаалалттай, олон улсын жишиг, стандартад нийцсэн замын ажил хавраас
эхэлнэ. Бид хасагдсан ажлуудаа ямар шугамаар үргэлжлүүлж болох гэдэг дээр Засаг
даргын зөвлөлийн хурлаар ярилцлаа. Дархан-Уул аймаг Монголын хоёр дахь том хот.
Тиймээс бид ирэх сард олон улсын бизнес форумыг зохион байгуулах гэж байна.
Тодорхой хэмжээний санхүүжилтийг 2016 оны төсвөөр батлуулсан. Мөн Боловсрол,
соёлын газартай хамтарч ажилладаг.
-Олон улсын бизнес форумд хэчнээн орон оролцох вэ?
-Японы Боловсрол, соёлын газар, БНСУ-ын Кёнги аймгаас хүмүүс
ирнэ. Кёнги аймаг Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд болон Онцгой байдлын газарт
машин өгсөн. Энэ мэтчилэн гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор олон улсын
форумыг зохион байгуулж байна. Мөн БНХАУ, ӨМӨЗО, ОХУ-ын Буриадаас ирж оролцоно.
Хэдийгээр улс орон хямралтай, төсөв мөнгө танагдсан ч зохих хэмжээнд зохион
байгуулна. Бизнес форум зохион байгуулагдлаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй.
Гэхдээ бид цаад газрууддаа Дархан-Уул аймгийн хэмжээнд шаардлагатай асуудлуудаа
танилцуулж, төсөл дээр хамтарч ажиллана уу гэсэн санал хүргүүлсэн байгаа.
-Дархан-Уул аймагт ажилгүйдэл, ядуурал ямар байна вэ?
-Манай аймагт ажилгүйдэл нэлээд байна. Өнгөрсөн жил хямралтай
холбогдуулаад хувийн нэлээд хэдэн компани эдийн засгийн хямралд өртсөнөөс
ажилгүйдэл нэмэгдсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд жилд 1600 орчим хүн идэвхтэй
ажил хайж байна гэсэн статистик тоо бий. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын
байдлаар албан ёсоор бүртгүүлсэн 1610 хүн буюу хөдөлмөр эрхлэх насны хүмүүсийн 30
хувь нь ажилгүй байна. Албан ёсоор бүртгүүлсэн хүмүүсийг ажлын байртай болгох
тал дээр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн санал, санаачлагатай
ажилладаг. Байнгын ажлын байртай болгож чадахгүй ч түр болон улирлын чанартай
ажлын байр гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд хамруулж өгдөг.
Тэгвэл ядуурлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Танай аймагт ядуурал хэр байна?
-Ядуурлыг бууруулах төвшинг Монгол Улсын хэмжээнд 2-3
аргачлалаар бодож гаргадаг. Хэнийг ядуу гэж хэлэх вэ. Ажилгүйдэл, ядуурал манай
өнөөдрийн барьж байгаа статистик судалгаа ийм зүйлд зовлонтой хэмжигдэхүүн болж
байна. Нэг болохоор бүгд ажилтай эсвэл бүгд ажилгүй ч юм шиг болчихно. Тэгснээ
бүгд ядуу ч юм шиг, баян ч юм шиг. Албан ёсны тоо гаргахад бэрхшээлтэй. Бусад
нь ямар ч гэсэн эдийн засгийн тоо, судалгаагаар гараад явдаг.
-Танай аймагт шилжилт, хөдөлгөөн хэр байна вэ?
-Ховд, Увс болон бусад хөдөө орон нутгаас хүмүүс шилжиж ирдэг. Эндээ төрж, өснө. Амьдрал нь сайжрахаар Улаанбаатар руу шилждэг. Ер нь манайх дамжин өнгөрүүлдэг, хүний амьдралын төвшинг жаахан дээшлүүлээд дараагийнх нь шат руу явуулдаг байдлаар явж байна. Тиймээс бодлогын хэмжээнд хөдөө орон нутгаас ирдэг шилжилт, хөдөлгөөнийг барих, хүн амынхаа тоог өсгөх, эндээ үйлдвэр, үйлчилгээ, эдийн засгийн өсөлттэй байдлыг бий болгоно. Бидний судалгаагаар Орхонд Хөвсгөл, Завханыхан, Дархан-Уул аймагт Увс, Ховдоос хүмүүс шилжин ирж байна. Шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг зүйл ган, зуд. Малаа барсан хүмүүс хот газар бараадаад ирдэг учир бид авахаас өөр аргагүй. Р.ОЮУН Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин