Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатын урилгаар өнөөдөр /2016.02.22/ БНСУ-ын Кёнги аймгийн зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчид 3 дахь удаагаа манай аймагт айлчилж байна.
Айлчлалын гол зорилго нь яаралтай тусламжийн 4 автомашиныг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Lim Chaiho/Им Чэ Ху/ тэргүүтэй Аюулгүй байдлын хорооны гишүүн Park Changsoon /Бак Чан Сүн/, Барилга зам тээврийн хорооны гишүүн Kwon Youngcheon /Күон Ён Чон/, Эмэгтэйчүүд гэр бүл боловсролын хамтын ажиллагааны гишүүн Cho Kwanghi /Чу Куан Хы/, Төрийн албан хаагч, нарийн бичгийн дарга Park Ho Soon /Бак Ху Сүн/, Гамшгаас сэргийлэх аюулгүй байдлын яамны ажилтан Lee Keon Yong /И Кон Юун/, Lee SeungHyo /И Сүн Хю/ нар хүрэлцэн ирлээ.
БНСУ-ын зочид төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс “Дархан хаалга”-ны өмнө тосч авлаа.
Мөн аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчид болох Д.Амгалан, Х.Батбаяр, Г.Гантулга, О.Цолмон, төлөөлөгч Б.Даваасамбуу, Г.Ганбат, Б.Батбаяр нарын холбогдох албаны хүмүүс хүлээн авч албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат зочдод хандаж үг хэлсэн бөгөөд Найрамдалт харилцааг үр дүнтэй үргэлжлүүлэхэд Дархан-Уул аймаг, Кёнги аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хамтран байгуулсан "Найрамдлын бүлэг" тэр дундаа манай аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын төлөөлөгчдөд онцгойлон баяр хүргэсэн юм.
Мөн албан ёсны уулзалтын үеэр Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Lim Chaiho/Им Чэ Ху/: -Түргэн тусламжийн машин гардуулж байгаа нь хоёр орны бодит хамтын ажиллагааны илрэл юм, мөн цаашид энэ харилцааг өргөжүүлж, барилга хот байгуулалт, зам талбайн тохижилт, аялал жуулчлал болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих зэрэг олон салбарт хамтран ажиллах болно хэмээн онцоллоо.
Түүнчлэн хоёр аймгийн найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд идэвхи санаачлага гаргаж байгаа хичээл зүтгэлийг нь үнэлж, аймгийн засаг дарга А.Энхболд Кёнги аймгийн Хурлын “Хотын байгаль орчны хороо”-ны дарга Им Чэ Хуг “Найрамдлын дархан” тэмдгээр шагнан урамшууллаа.
Албан ёсны үйл ажиллагааны хүрээнд аймгийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бусад холбогдох албаныхан Кёнги аймгийн Хурлын төлөөлөгчдийн хамт Онцгой байдлын газарт хүрэлцэн ирсэн бөгөөд яаралтай түргэн тусламжийн 4 авто машиныг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.
Кёнги аймгаас Дархан-Уул аймагт хүлээлгэн өгч буй яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон 4 автомашиныг Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэгийн Түргэн тусламжийн алба, Орхон сумын ЭМГ-т тус тус хүлээлгэн өгч байна.
БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, ирэх онд багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээс гадна Онцгой байдлын газрын албан хаагчдыг Кёнги аймгийн ОБГ-ын боловсон хүчин бэлтгэдэг сургуульд сургах боломж байгаа тухай сайхан мэдээг дуулгалаа.
Мөн өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон орон нутгийн үйлвэрлэгч “Дархан минж” ХХК-ийн үйл ажиллагаатай Кёнги аймгийн зочдыг танилцуулж, эдгээр салбарт хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.
Дархан-Уул аймаг нь Кёнги аймагтай 2014 онд “Найрамдалт харилцаа байгуулах санамж бичигт” гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн Төлөөлөгчид манай аймагт 2 удаа айлчлан ирж, мөн Дархан-Уул аймгийн ИТХ-ын "Нээлттэй төлөөлөгч" клубын төлөөлөгчид БНСУ-ын Кёнги аймагт 2 өдөр ажиллаж ХАА-н хөгжил судалгааны хүрээлэн, Хангён ХАА-н үндэсний их сургууль, Кёнги аймгийн онцгой байдлын газар зэргээр айлчилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан юм.