Нийт 85 айлын орон сууцыг ашиглалтад
оруулахад 3.5 тэрбум төгрөг шаардлагатай
Дархан-Уул аймагт ахмадын байр барих гүйцэтгэгч компани болох “Сөгнөгөр хайран” ХХК нь гүйцэтгэлийн санхүүжилт байхгүйн улмаас ажил нь зогсчээ. Тус компанийн захирал Т.Энхболд нь энэ асуудалд дэмжлэг хүсч, аймаг орон нутгийн удирдлага, холбогдох яам, Засгийн газарт хандаад байгаа бөгөөд тодорхой хариулт шаардаж, 45 хоног суулт зарлаад байгаа юм. Хэдийгээр уг асуудлыг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх боловч аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас ямар байдлаар дэмжлэг үзүүлж болохыг холбогдох албаныхан судалж байна. Өнөөдөр /2016.02.25/ аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Залуучууд театрын өмнө суулт хийж байгаа “Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн захирал Т.Энхболдтой 2 дахь удаагаа уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Дархан-Уул аймгийн ахмадуудад зориулсан орон сууцны байр барих төслийг анх 2013 онд эхлүүлсэн “Сөгнөгөр хайрхан” ХХК нь 85 ахмадаас төлбөрийн урьдчилгаа 10 хувь, нийт 360 сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ.
Гэвч арилжааны банкууд барилгын салбар дахь зээл олголтыг зогсоосон учраас барилгын ажил бүрэн зогссон бөгөөд Сөгнөгөр хайрхан ХХК-ийн удирдлага Бүгд найрамдах Унгар улсын “Экзим” банкинд хандсан байна.
Тус банкны зүгээс Монгол улсын засгийн газраас баталгаа гаргасан тохиодолд төслийг дэмжихээ илэрхийлжээ. Тиймээс Сөгнөгөр хайрхан ХХК нь Засгийн газар болон Барилга хот байгуулалтын яаманд батлан даалт гаргах тухай албан тоот хүргүүлсэн бөгөөд хариуг нь хүлээж байгаа аж.
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат болон Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нар түүний санал хүсэлтийг сонсож, Сөгнөгөр хайрхан ХХК уг төслийн хэрэгжүүлэгчийн хувьд тохиолдож болох эрсдлийг зөв тооцоолоогүйн улмаас бий болсон хүндрэлийг бүрэн хариуцах хэдий ч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс холбогдох газруудад нэмэлт хүсэлт гаргаж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.