Аймгийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнөөр /2016.02.29/ Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн тухай, Шилэн сургууль программ хангамжийн хэрэгжилтийн явцын тухай, Тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг хашиж, хамгаалах тухай, Малын гоц халдварт хонины цэцэг өвчний тархалт, халдварлалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хонины цэцэг өвчний талаар мэдээлэл танилцуулж, цаашид арга хэмжээний талаар вакцин тарилга хийхэд шаардагдах санхүүжилт шийдвэрлүүлэх зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал Аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийн чадвараас хамааралтайгаар нийгмийн даатгалын шимтгэлийн авлага өсч байгаа нь төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлөхөөс гадна даатгуулагчдын эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэх, тэтгэвэр тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөх үндэс болж байна. Тиймээс аймгийн удирдлагуудыг эдгээр байгууллагуудад нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагаа барагдуулах үүрэг өгөх саналыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гаргалаа.
Мөн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Хонгор, Орхон, Шарын гол сумын удирдлагууд сумын ард иргэдийн амьдралын нөхцөл байдал болон тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулсан юм.
Шарын гол сум:
1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг болох Шар хөтөлийн ордны орчмын газрын хууль бус гар аргаар алт олборлогч иргэд ухаж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд бусад аймаг сумдаас ирж, түр оршин сууж, суурьшиж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ нь Шарын гол сумын байгаль орчинд сөргөөр нөлөөлж, нийгмийн хэв журам алдагдах нөхцлийг бий болгож байна. Тиймээс холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай.
2. Алт олборлогч “Очир Ундраа” ХХК-ний үйл ажиллагаа дахин эхлэх гэж байгаа нь Шарын гол сумын усны эх ундрагад сөргөөр нөлөөлөх, байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдлийг бий болсон.
Хонгор сум:
1. Байгаль орчныг хамгаалах хяналт шалгалт явуулах, малчин, мал бүхий иргэдийн өвөлжилтийн байдалтай танилцахад шаардлагатай шатахууны зардал, малчид, мал бүхий иргэдэд малын нэмэгдэл тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг танилцуулж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн тодорхойллоо.
Мөн Удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат мэдээлэл өглөө. Тухайлбал
1. Дэлхийн залуучуудын өвлийн олимпийн Тэшүүрийн спортын холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн Дархан хотын уугуул, Монголын тэшүүрийн шигшээ багийн тамирчин Б.Сумъяаг “Дархан хотын хүндэт иргэн” –ээр өргөмжлөх тухай,
2. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх арга хэмжээг мөн түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах” үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх зэрэг мэдээллүүдийг өглөө.
Мөн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Олимпын хөгжлийг дэмжих" сангийн шилжин явах Цомыг албан ёсоор МҮОХорооны гишүүн , МАТХолбооны спорт хариуцсан захирал Ч.Наранбаатар , МҮОХорооны гишүүн МАТХ-ны гишүүн , Тэшүүрийн холбооны нарийн бичиг н.Дагвадорж нар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад гардуулан өгч, "RIO-2016" олимпод Монголын баг тамирчид амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.