Аймгийн ИТХ-ын хуралдааныг 2015 онд 3 удаа зарлан хуралдуулсан ба 10 асуудлыг хэлэлцэн, аймгийн хэтийн төлөв, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрүүдийг батлан гаргалаа. Хуралдааны ирцийн дундаж хувь 85,8 байна.
Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Аймгийн ИТХ-ын хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа хуралдуулахаар хуульчлан заасан. Аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрхийн хугацаанд 11 удаа зарлан хуралдуулж, 48 асуудал хэлэлцэж, 39 тогтоол батлан гаргаад байна.
Тайлангийн хугацаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 24 удаа хуралдаж, 130 гаруй асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 102 тогтоол батлан гаргалаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-уул аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Дархан хотын дотор нийтийн тээврийн хэрэгсэлээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий хүмүүст нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх түр журам, Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф, Дархан сумын хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөө, Орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууцыг эзэмших, ашиглах журам, “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр-2”, 18 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлж буй “Цагийн менежмент туршлагыг аймгийн цэцэрлэгүүдэд турших”, Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах, аймгийн ан амьтны менежментийн төлөвлөгөө батлах, Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газрыг хамгаалалтанд авах, Залуучууд театрын үндсэн үйл ажиллагааны үзвэр үйлчилгээний үнэлгээ, хөнгөлөлт чөлөөлөлтийн журам батлах зэрэг хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сургуулийн өмнөх боловсролын сургалтын бодлогын хүрээнд сумын 18 дугаар цэцэрлэгээс санаачлан боловсруулж хэрэгжүүлж буй “Цагийн менежмент” сайн туршлагыг 2015-2016 оны хичээлийн жилд туршилтын журмаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд турших тухай тогтоол гаргалаа. Дархан сумын ”Түшиц”- 18 дугаар цэцэрлэг нь хүүхэд хүлээж авах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шинэ арга зүйг нэвтрүүлж ажилласнаар эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байгаа ба цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж хүүхэд хүлээн авалтыг өглөө 7.30- 10.00 цаг болгосон нь үр дүнгээ өгч байна. Р.Тунгалаг-Эрдэнэ