Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Ухаалаг хэрэглээ- соёлтой үйлчилгээ” сэдэвт “ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨГЖИЛ” нээлттэй өдөрлөг боллоо.

2016-04-25

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, төрийн байгууллагууд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг оролцуулан УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ-СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ сэдэвт Хэрэглэгчийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөг нь Дархан-50 цогцолбор, Шинэ захын урд талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн тус тус нэгэн зэрэг зохион байгуулагдсан ба Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р. Тунгалаг-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Үндэсний холбооны гүйцэтгэх захирал А.Тунгалаг нарын холбогдох албаныхан оролцов.


Хэрэглэгчийн жилийн ажилд Төрийн байгууллагууд манлайлж оролцсоноор иргэд хэрэглэгчиддээ хүрсэн төрийн үйлчилгээг үзүүлж чадах юм. Энэ үүднээс “Ухаалаг хэрэглээ-Соёлтой үйлчилгээ” сэдвийн дор төрийн байгууллагууд маань бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлсэн нь олны талархлыг хүлээж байсан юм. Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр өөрсдийн үнэтэй саналаа аймгийн удирдлагуудад уламжиллаа.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р. Тунгалаг-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ: Хэрэглэгч бүр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, хууль тогтоомж,  гэрээгээр тодорхойлсон зохих чанар, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах  эрхтэй байдаг. Энэхүү шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулбал  төлбөрийг Иргэний хуулийн арван дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй байдаг. Өнөөдрийн энэхүү өдөрлөгөөр “Хэрэглэгчийн жил”-ийн зорилт, хэрэглэгчийн эрхийг  иргэд, хэрэглэгчиддээ танилцуулах, төрийн үйлчилгээг авлига, хүнд суртлаас ангид, хөнгөн шуурхай болгох, хэрэглэгчдийн эрхийн асуудлыг сурталчилах, иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглүүлэн зохион байгуулж байна.


Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим” нь төр иргэдийг холбох, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны хэм хэмжээ, ёс зүй, санхүү, хөрөнгө оруулалт болон төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: 2015 онд 27 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 10,0 гаруй иргэн, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, тэдний гаргасан 70 гаруй санал аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгалаа олсон.  

Тэгвэл 2016 оноос нээлттэй хэлэлцүүлгийг тодорхой нэг сэдэвт баригдахгүйгээр, өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, аймгийн ИТХ, ЗДТГ, түүний харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож, иргэний санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгөх, зарим асуудлыг шийдвэрлэх зэргээр Төр-Иргэний харилцааг аливаа шат дамжлаггүйгээр шууд шийдвэрлэх, иргэдтэй шууд харилцах боломжийг бий болгохоор зорьж байна. “Иргэний танхим сонсож байна” сэдэвт өргөтгөсөн хэлэлцүүлгийг 2016 онд 7 удаа явуулаад байна.  Түүнчлэн орон нутгийн “Лха”, “Ди Би Эс” телевизийн шууд эфирээр “Иргэний танхим сонсож байна” шууд нэвтрүүлгийг тогтмол явуулж, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, тухайн асуудалтай холбоотой хэлтэс агентлагт хүргүүлэн, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” тухай хуулийн дагуу шийдвэрлүүлж, иргэдэд хариу өгөх зэргээр ажиллаж байна. Энэ нь төр иргэдийг холбож, хэрэглэгчдэд үйлчлэх нэг төрлийн үйлчилгээ үзүүлж буй хэлбэр юм.

Иргэд, эрхэм хэрэглэгч та бүхнийг Хэрэглэгчийн нээлттэй өдөрлөгт идэвхитэй оролцож, төрийн үйлчилгээг нэг дороос авахын зэрэгцээ Төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Үндэсний холбооны гүйцэтгэх захирал А.Тунгалаг энэ жилийг хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан орон нутагт түүчээ болон томоохон ажлыг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%