Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Боловсрол соёлын газар хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг өнөөдөр /2016.04.29/ зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд 33, Дархан-Уул аймгийн хэмжээнд 16 дахь жилдээ тасралтгүй явагдаж, хүүхэд багачууд төдийгүй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын идэвх чармайлтыг өрнүүлж, жилээс жилд өргөжин тэлж байна.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд нийт 17 цэцэрлэгийн 204 хүүхэд, 34 багш оролцож байгаа бөгөөд хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн баримтлах гол дүрэм “Ногоон гэрэл-Цагаан шугам”-ыг хэрхэн ойлгож эзэмшсэнээ урлагийн үзүүлбэрээр илэрхийлэн харуулдгаараа онцлогтой юм.
Энэхүү тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат оролцож, үг хэлсэн бөгөөд “Залуусын хотын” залгамж халаа хүүхэд багачууддаа эрүүл энх сайн сайхныг хүслээ.