Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамираас бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр /2016.05.06/ боловсролын салбарын ажлын өнөөгийн байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргахаар Ерөнхий боловсролын 9, 18, Од цогцолбор, ОИЦогцолбор сургуулиудад ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт болон тусгагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багшийн сургалтын хөтөлбөр 1, 2”, “Боловсрол хотхон”, “Аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” зэрэг боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх үндсэн чиглэлтэй юм.
Мөн аймгийн ИТХ-аас 2012-2018 онуудад хэрэгжүүлэхээр баталсан “Боловсрол хотхон хөтөлбөр” зогссон шалтгааныг тодруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал боловсруулахаар ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн Стратеги төлөвлөлтийн үндсэн 5 зорилтыг Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.
Түүнчлэн уг үйл ажиллагааны хүрээнд Хими математикын гүнзгийрүүлсэн сургалттай 9 дүгээр сургуулийн сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн тавигдлаа.