Дархан-Уул аймгийн гал голомт болсон Дарханы Дулааны цахилгаан станц ирэх оны өвлийн бэлтгэл ажилдаа аль хэдийн ороод үндсэн тоноглолуудаа засахаар бүрэн зогсолт хийж эхлэсэн анханы өдөр нь тус станцын дэд захирал Г.Туяахүүтэй ярилцлаа.
-Станц өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давлаа. Одоо 2016-2017 оны өвлийн их ачааллыг даван туулах бэлтгэл ажилдаа оржээ. Ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Энэ ажлын хүрээнд үндсэн ба туслах тоноглолын засварын ажлуудыг бүрэн хийж дуусгах ёстой. Эдгээрийг хийж дуусгах станцын бүрэн зогсолтын ажил байдаг. Үүнийг Диспетчирийн Үндэсний төвтэй тохирсны дагуу зуны бага ачаалалд тусгагдсан хуваарийн дагуу хийгддэг. Эрчим хүчний системийн бусад эх үүсвэрүүдийн бүрэн зогсолт хийгдээд дууссан. Одоо манай станц бүрэн зогсож энэ гурван хоногт хийхээр төлөвлөсөн тоноглолын засвараа хийж дууссаны дараа ирэх сард ТЭЦ-4 зогсох хуваарьтай. Энэхүү батлагдсан хуваарын дагуу манайх станцынхаа бүрэн зогсолтыг энэ сарын 13-16-ны хооронд бүрэн хийж дуусгахаар өнөөдөр даваа гарагт бүрэн зогсолт эхлэж байна. Энэ ажилд нийтдээ 500-гаад хүн ажиллана.
-Станц бүрэн зогсож байгаа энэ өдрүүдэд чухам ямар ажлууд хийгдэх вэ?
-Станц бүрэн зогссон энэ үед бидний хийхээр төлөвлөж байгаа гол ажлууд гэвэл Станц ажиллаж байх үед хийж болдоггүй, өндөр даралтын шугам хоолой, трубины бусад ажлууд бий. Хими цехийн банк савнуудын цэвэрлэгээ, цахилгаан тоноглолын хуваарилах байгууламжуудын засварын ажлууд, мөн үнсэн сангийн шугам хоолой, тунгаасан усны утааны хийн яндан зэрэг бүрэн зогсолтын үед хийх бүх ажлаа амжуулна. Түүнчлэн Дархан хотын дулаанжуулалт, өвөлжилттэй холбоотой шугам хоолой арматуруудын засварыг бүрэн хэмжээнд хийж авна. Яагаад гэвэл манайх Дарханы цорын ганц эрчим хүчний үйлдвэр учраас энэхүү бүрэн зогсолтын үед л бүх юмаа хийж авахгүй бол бусад үед зогсох, дулаанаар таслах эрх байдаггүй учраас шуурхай амжуулах ёстой. Энэ ажилд шаардлагатай материал сэлбэг, санхүү хөрөнгийн асуудлыг нь бүрэн шийдсэн. Бид удахгүй болох АСЕМ, сонгууль, улсын баяр наадмын үеэр хэрэглэгчдийг цахилгаан, хэрэгцээний халуун усаар найдвартай хангах зорилт тавиад ажиллаж байна.
-Эдгээрээс энэ жил шинээр хийгдэж байгаа ямар гол ажил байна вэ?
-Шинэ үнсэн сангийн далан ашиглалтад орж байгаатай холбоотой ажлууд бий. Тухайлбал уг санг ажиллагаанд бүрэн залгана. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил, үүнийг 2015 онд эхлэж Эрчим хүчний яам, Судлагаа хөгжлийн төвийн дэргэдэх комиссоос тендер зарлаж гүйцэтгэлийн сонгон шалгаруулалт хийгдсэнээр ажиллаж үндсэндээ байгуулж дууссан. Техникийн улсын комисс хүлээж авсны дараа бид уг санг усаар дүүргэх ажил хийж байна. Бид энэ далангийнхаа төвшинг гаргаад шинээр ажилд оруулснаар манайх 7-8 жил ашиглах бүрэн боломжтой болно. Энэ хугацаанд манайд хэдэн хийх ажлын зорилт тулгарч байгаа. Цаашдаа үнсийг нойтноор зайлуулах технологиос татгалзаж байгаа л даа. Энэ нь байгаль орчины бохирдол зэрэгтэй холбоотой байдаг. Мөн агаар мандалд хаягдаж байгаа үнслэгийн хэмжээ, дулааралтай ч холбоотой. Тиймээс цаашид энэ технологийг өөрчилж үнсийг хуурайгаар барих технологийн ажил хийгдэнэ.