2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргалтай ярилцлаа.
-Энэ хичээлийн жилд аймгийн Боловсрол соёлын газраас ямар бодлого баримтлах вэ?
-Энэ хичээлийн жилд БСШУСЯ-аас дэвшүүлсэн зорилтын хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн түвшинд таван гол бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тодруулбал,нэгдүгээрт бүх шатны боловсрол сургалтын байгууллагууд эрүүл аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгоход анхаарна.
Хоёрдугаарт аймгийн боловсролын салбарт хөгжлийн шинэ, шинэ стратеги хэрэгжинэ. Үүний хүрээнд 2016 оноос бэлтгэл ажил хийгдэж 2017 оны есдүгээр сарын 1-нээс Дархан хотод “STEM”-д түшиглэсэн “Дархан ахлах сургууль” байгуулагдана. Ингэснээр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсрол олон улсын жишигт очиж нийцнэ гэж үзэж байна.
Гуравдугаарт аймгийн төрийн өмчийн бүх сургуулиудыг“Ухаалаг анги”, /Smart classroom/ “Ухаалаг сургууль” /Smart school/ болгох төслийг олон улсын дэмжлэгтэйгээр эхлүүлнэ.
Тус төслүүд нь энэ онд Од цогцолбор сургууль, Монгол Оюу сургуульд тус тус эхлэсэн байгаа.
Дөрөвдүгээрт бага сургууль - цэцэрлэгийн цогцолборыг шинээр байгуулах,ЕБ-ын 12, 16 дугаар сургуулийг “Сургууль цэцэрлэгийн цогцолбор” болгон хөгжүүлэх,7 дугаар цэцэрлэгийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах төв байгуулах зэрэг сургууль цэцэрлэгийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлнэ.
Тавдугаарт боловсрол хотхон төслийн хүрээнд“Багш хөгжлийн төв”-ын барилгын ажлыг эхлүүлнэ. Сургууль цэцэрлэгүүдийн сургалтын тоног төхөөрөмжүүдийгнэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллана.
-2016-2017 оны хичээлийн жилд манай аймгийн хэмжээнд ЕБС, СӨБ-д хэдэн хүүхэд хамрагдах вэ?
-2016-2017 оны хичээлийн жилд 2140 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсноор манай аймгийн төрийн болон хувийн хэвшлийн сургуульд нийт 19200 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 хүүхдүүд сурч хүмүүжинэ. Энэ хичээлийн жилд 1023 багш ажиллана.
-Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямар ажил хийх вэ?
-“Багшийн хөгжил” зорилтот хөтөлбөрийг БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багшийн хүрээлэн, МУИС, МУБИС болон Жайка, Койка, Тика зэрэг олон улсын байгуулагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Ер нь аймгийн 1023 багшаа чадваржуулах сургалтын нэгдсэн хөтөлбөр гарсан, жил бүр 90 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.
-2017 он гэхэд таньд ямар үр дүн харагдаж байна?
Хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн өрсөлдөх чадвар сайжирна, цэцэрлэгүүдийн хамтарсан сургалт нэмэгдэж, STEM ОУ-ын түвшиний ахлах сургууль шинээр байгуулагдана.Үүнээс гадна ЕБС-ын 1023 багшийн сургалтын арга зүй, технологи ур чадвар үндэсний түвшинд хүрч Улсын “Шилдэг арга зүй технологийн сан”-д нийт багш нарын 10 хувь нь бүртгэгдэж Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэж харж байна.
Бид 2017 он гэхэд аймгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, амжилтаараа улсад эхний гуравт багтана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Боловсрол хотхон”-нд 960 хүүхдийн сургууль, багш хөгжлийн ордны барилгын ажлын эхлэл тавигдсанаар “Ерөнхий боловсролын лаборатори хотхон”-ны бүтээн байгуулалт эхэлнэ.
Ярилцсан М.Гүнжилхам