Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. Улс төрийн их хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, нийгмийн зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, олон мянган лам хуврагууд, жирийн иргэд хэлмэгдэж байсныг түүх мартах учиргүй. Түүгээр ч үл барам Монголын түүх, соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлын хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, залуу хойч үедээ энэхүү гашуун сургамжийг сануулж, дахин давтагдуулахгүй байх зорилгоор 1998 оноос эхлэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль” хэрэгжиж эхэлсэн ба жил бүрийн 9 дүгээр сарын 10-ныг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэх болсон.
Энэхүү хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа болон хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх ажил хэрхэн явагдаж байгаа тухай Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэтэй ярилцлаа.
- Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласнаас хойш 18 дахь жилтэйгээ золгож байна. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байна вэ?
Дархан-Уул аймгийн ЦАУЗБСК энэ өдрөөр тус аймагт амьдарч байгаа манай аймгаас нөхөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж хэвшээд байна. Манай салбар комисс энэ өдрийг янз бүрийн хэлбэрээр зохион байгуулж байгаа. Тухайлбал: 2012, 2013 онуудад Дархан хотынхоо хүүхэд залуучууд, ахмад буурлуудын амарч тухлах тохилог орчин бүхий шилдэг бүтээн байгуулалт болсон Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд энэ үйл ажиллагаагаа зохион. байгуулж, хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулан “Хэлмэгдэгсэдийн төгөл” байгуулж бүгдээрээ 2 жил дараалан нийт 100 гаруй мод тарьсан. 2014 онд Дарханы Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийд дээрээ тэмдэглэж 1000 зул өргөж буяны ном айлтгал өргөж байсан. Энэ жилийн тухайд аймгийн ЗДТГ дээрээ хуралдааны танхимдаа хүлээн авч тэдэнд хүндэтгэл үзүүлэн, мөн Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн Да лам Д.Базаррагчаа гуай буяны ном айлтган, аймгийн ИТХ-ын дарга гарын бэлэг гардууллаа. Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, 40 шахам жил эмчээр ажилласан Дархан сумын 8 дугаар багийн өндөр настан Б.Багааг аймгийн Засаг даргын шагнал “Найрамдлын Дархан” тэмдэг, 30-аад жил улсад үр бүтээлтэй ажилласан Орхон сумын АДХ-ын депутат байсан Ч.Эрдэнэбилэгийг Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
- Улсын хэмжээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн хэрэгжилт ямар түвшинд явагдаж байна вэ?
“Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комисс БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ ажиллаж байна.
Улсын комисс болон салбар комиссууд УИХ-аас батласан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийг хэрэгжүүлж байгаа. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон нь цагаатгах ажлыг үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэл учруулж байна. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын комисс ажиллаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна.
- Аймгийн хэмжээнд хэдэн хүн нөхөн олговор аваад байгаа вэ?
Аймгийн хэмжээнд хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нар 290 хүнд 284 сая төгрөгийн нөхөх олговор олгосон ба хуулинд заасны дагуу гэр орон сууцаа хураалгуулсан хэлмэгдэгсэдийн эхнэр нөхөр болох өөрийн гэсэн орон гэргүй 6 хүнд гэр, орон сууц, давхардсан тоогоор 600 гаруй иргэнд 1200,0 орчим мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг орон нутгийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын дэмжлэгээр олгоод байна.
- Одоо манай аймгийн хэмжээнд нөхөн олговор аваагүй иргэд бий юу?
Одоогоор нөхөн олговороо авч чадахгүй хүлээгдэж байгаа хүн байхгүй. Харин 10 гаруй иргэн хэлмэгдэгчийнхээ талаар тодорхой сайн мэдэхгүйгээс тогтоогдохгүй байгааг Улсын Комисст хүргүүлсэн. Эдгээр хүмүүсийн асуудлыг хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж байгаа. Цаашид хэлмэгдэгсэдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно.
- Ярилцсан танд баярлалаа.