Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран “Байгал орчны журам”-ын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг сарын эрчимжүүлсэн арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөр хэлэлцлээ.
Сүүлийн үед мал хулгайлах болон Байгал орчны журмын эсрэг гэмт хэргийн хувь бууралттай байгаа хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг зөрчлүүд 4-р улирал буюу 10 дугаар сард ихэсдэг. Тиймээс гэмт хэрэг гарсаны дараа бус харин гарахаас нь урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол зохион байгуулах шаардлагатай юм.
Хэдийгээр Төрийн байгууллагууд байгалийн баялагийг хууль бусаар олборлох, ашиглах гэмт хэргийн эсрэг шат дараалсан арга хэмжээ авдаг боловч энэ төрлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт байхгүй улмаас хүндрэл учирдаг байна. Тиймээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс тодорхой хэмжээний төсөв гаргахаар боллоо.
Уг төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн мод бэлтгэл тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх, “Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа”-тай танилцах зэрэг ажлууд хийгдэх юм.
Мөн малын гоц халдварт өвчинөөс сэргийлэх үүднээс хорио цээр тогтоосон бүсүүдээс тээвэр хийж буй авто машинуудыг дотогш нэвтрүүлэхгүйгээр хяналт шалгалт хийх, замын пост болон эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гоц халдварт өвчнөөр үхсэн мал, сэгийг устгах зэрэг ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.