Дархан хотын 55 жилийн ойн хүрээнд Дархан Эмпати сургуулийн удирдлагууд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатыг урьж төгсөх ангийн сурагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Дархан хотын түүх, ирээдүйн хөгжил, аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцлоо. Дархан Эмпати сургуулийн төгсөх ангид энэ жил 70 сурагч суралцаж байна. Тэд аймгийн ИТХ-ын даргаас Дархан хотод тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, Олон улсын замын хөгжил, хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болон Боловсролын салбарт хэрхэн анхаарал хандуулж буй зэрэг аймаг орон нутгийн бодлогын талаар асуулт тавьж байлаа.

Тус сургууль нь хичээл эхлэхээс 20 минутын өмнө ном уншдаг “Уншлагын цаг”-тай болж хэвшүүлсэн нь сурагчдад ихээхэн ач холбогдолтой ажил болсныг аймгийн ИТХ-ын дарга сайшаасан юм. Тэрээр аймаг орон нутгийн зүгээс энэ жил боловсролын салбарт“Ухаалаг сургууль”, “Бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор” хөтөлбөрзэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай сурагчдад мэдээллээ. Түүнээс гадна ЕБС-иа амжилттай төгсөж буй сурагчдад гадаадын томоохон сургуулиудад суралцах боломж нөхцөл ч нээлттэй байгаа тухай ярилцсан юм.

Дархан Эмпати сургууль нь 1994 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 1000 гаруй сурагчдыг төгсгөжээ. Төгсөгчдийн 52 хувь нь гадаадын их дээд сургууль, 48 хувь нь Монголын их дээд сургуульд суралцдаг байна. Эдгээр төгсөгчид нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудад эрэлт хэрэгцээтэй, мэдлэг өндөртэй боловсон хүчин болж чаддаг тухай Дархан Эмпати сургуулийн удирдлагууд ярьж байв.