Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ: Дархан хот нь, хотын соёлтой, иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдсэн дэд бүтэцтэй, ажлын байр олноор бий болсон, улсын зэрэглэлтэй хот байх ёстой

2016-10-14

- Дархан хот байгуулагдсаны түүхт 55 жилийн ой энэ онд тохиож байна. Юуны өмнө танд ойн баярын мэнд хүргэе. Дархан хотод хийгдсэн бүтээн байгуулалтын тухай яриагаа эхэлье? 

     Баярлалаа. Энэ оны 10 дугаар сарын 17-нд Дархан хотын маань үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байна. Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхарын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн, Бурхантын хөндий хэмээх хоосон зэлүүд газар байгуулахаар шавийг тавьж байсан үйл явдал дөнгөж саяхан мэт санагдаж байна. Тэгвэл үүнээс хойш Дархан хот маань Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв, нийгэм эдийн засгийн түшиц газар, улсын 2 дахь нийслэл болтлоо өргөжин тэлжээ.

     Тухайн үед томоохон хот, суурьшлийн бүсүүдийг байгуулахаар барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлж, Цэргийн ангиуд, барилгын бригадуудыг байрлуулж, Эрдэнэт, Бор-Өндөр зэрэг хэд хэдэн хотуудыг байгуулж байсны нэг нь Дархан хот юм. 

     55 жилийн ойн бүтээн байгуулалтыг тухай их зүйл яригдана. СЕВ-ийн орнууд гэгддэг хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг ах дүү 6 орны залуучууд, мөн бүх аймгуудаас монгол залуучууд илгээлтээр ирж, энэ хотыг байгуулж, өнөөдрийн зэрэгт хүргэсэн. Ахмад үе, дунд, үеийнхэн, одоогийн залуучууд гэсэн 3 үеийн төлөөллөөс Дарханы  иргэд бүрдсэн. 

      55 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд энэ жил харьцангуй оройтож эхэлсэн. Учир нь 2016 онд  УИХ болон орон нутгийн сонгууль  болж байгаагаараа онцлогтой юм. Гэсэн ч бид сүүлийн 2 сарын хугацаанд хотынхоо ойг угтаж багагүй ажлуудыг хийж амжуулсан.

      Тухайлбал Дархан хотынхоо баяраар Шинэ болон Хуучин Дарханыг холбосон авто замыг ашиглалтад оруулна. 

     Мөн “Жишиг хороолол-4” төслийн хүрээнд Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад бүтээн байгуулалтуудын ажлууд ид өрнөж байна. Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлах ажлууд хийгдсэн. Тус ажлын хүрээнд “Дархан Азза” ТӨХК нь Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам болон Дархан сумын 3 дугаар багийн 2.5 км сайжруулсан шороон замуудыг засварлаж дууссан.

     Гэр хорооллуудад хийгдэж байгаа томоохон ажлуудаас дурьдвал  Дархан сумын 1 дүгээр багт асфальтан замын эхний ээлжийг ашиглалтад оруулж, Модны зах гэгддэг шинэ захын арын авто зам,  Өнгөт хороолол буюу Өргөө багийн авто замыг хатуу хучилтаар хучиж дууслаа.

    Ширээ нурууны болон Дархан сумын 3, 7 дугаар багийн замыг сайжруулсан зам болгосон нь гэр хорооллын иргэдийг авто машинаар зорчих нөхцөлийг сайжруулсан арга хэмжээ болсон.

     Цаашид зам засварын ажил Хабитад, Мангиртын чиглэлийн авто зам болон 1 дүгээр багийн авто замуудад бүрэн хийгдсэнээр гэр хорооллын иргэд шороо боссон, эвдэрсэн замаар зорчихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

     Түүнчлэн 2014 оноос эхэлсэн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлууд эрчимтэй хийгдэж өнөөдөр үндсэндээ дуусаж байна.  Тодруулбал Дархан сумын 1 дүгээр багт нам гэрэл, 5, 6, 15 дугаар багт өндрийн гэрлүүдийг тавьж, гэр хорооллуудын төв гудамжууд үндсэндээ бүрэн гэрэлтүүлэгтэй болсон гэж ойлгож болно.

     Мөн Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жил, Дархан хотын 55 жилийн ойг тохиолдуулан барилгын салбарынхан Дархан хотын үүд хаалга, нүүр царай болсон “Дархан хаалга”-ыг сэргээн засварласан бол “Бурхантын хясаат” ХХК-ийн хамт олон авто машины зогсоолыг нь шинээр засварлаж, асфальтаар хучсан. 

     Үүн дээр “Шарилжгүй Дархан” хөтөлбөрт иргэн, ААНБ-ууд идэвхтэй оролцож, хотынхоо цэвэр цэмцгэр байлгах, өнгө зүсийг нь засан, эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад гар бие оролцсон нь их ойн баяртаа зориулсан бэлэг хэмээн ойлгож байна. 

- Дарханчууд Түүхт 55 жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэх вэ? Энэ ойн баяр юугаараа онцлогтой вэ? 

     Мэдээж 55 жилийн ой гэдэг том баяр. Энэ баярын хүрээнд ганц бүтээн байгуулалтаас гадна иргэдийнхээ дунд урлаг спортын том арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 26-нд урлаг спортын их наадмын нээлтийн үйл ажиллагаа Дархан-50 цогцолборт ёслол төгөлдөр нээлтээ хийсэн.     

      Их наадмын соёл урлаг болоод спортын уралдаан тэмцээнд Дархан-Уул аймгийн бүх насны  иргэд  оролцож, авьяас чадвараа сорилоо. 

     Тухайлбал 2016 оны 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд “Хүүхдийн язгуур урлагийн наадам”, 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Оюутны урлагийн их наадам” зохиогдож, 10 дугаар сарын 17-нд “Хот байгуулагдсаны өдөр”-ийн хүндэтгэлийн нэгдсэн  тоглолт болох юм.    

     Мөн “Хөгжлийн загвар Дархан” багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ын сурагчдын дунд “Миний дархан хотын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан, “Номын баатрууд амилсан нь” үлгэрийн баатруудын дүрийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтаасан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

    Түүнчлэн зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн УАШТ-ийг 4 жил тутамд Дархан хотод зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү тэмцээн ойн баярыг угтаж, өргөн хүрээнд амжилттай болж өндөрлөсөн. 

    Бүтэн сарын хугацаанд гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх гэсэн спортын тэмцээнүүдийг өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын гэсэн 3 насны ангиллаар зохион байгууллаа. 

     Ойн баярыг нэг өдөр зохион байгуулаад өнгөрөх биш өргөн хэмжээнд иргэд, олон түмнийг өөрөөр хэлбэл хүн бүрийг оролцуулах, хүн бүрийг баярлуулах томоохон хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулахад ойн баярыг зохион байгуулах комиссоос анхаарсан

- Ойн баярт гадаадын ямар орны зочид төлөөлөгчид ирэх вэ?

     Дархан хотын гадаад харилцаа маш өргөн хүрээтэй. Тэр дундаа Германы Цайтц, Унгарын Капошвар, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Беларусь улсын Витабск, БНХАУ-ын Же-Жань хот, Хөх хот, Данийн Хилероид хотуудтай шууд харилцаатай ажилладаг.

     Эдгээр орнууд дундаас ОХУ-ын Буриад улсын Улаан-үд хоттой хамгийн удаан буюу 49 жилийн найрамдалт харилцаатай. Ирэх онд найрамдалт харилцааны 50 жилийн ой тохионо. 

     Дархан хотын ойн баярт оролцох албан ёсны урилгыг найрамдалт харилцаатай бүх орны удирдлагуудад хүргүүлсэн. Одоогоор Улаан-үд хотын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн. 

- Та Дархан хотын удирдлагаар олон жил ажилласан хүний хувьд хотынхоо онцлог, цаашдын хөгжилд анхаарах асуудлыг хамгийн сайн мэдэх байх? Дарханы хөгжлийн чиглэлийг тодорхойлно уу.

    Дархан хот маань бусад аймгуудаас дэд бүтэц, хүн амын төвлөрлөөрөө ялгарч, Монгол улсын 2 дахь нийслэлд зүй ёсоор тооцогддог. Хэдийгээр шинэ Үндсэн хуулиар Дархан-Уул аймаг хэмээн нэрлэгдэх болсон ч хотын статусын бүх хэв шинж манай аймагт бий. 

    Хүн амын 82.1 хувь нь хотын төвдөө байнгын оршин суудаг, үүний 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг гээд бодохоор Дархан-Уул аймаг нь “Хотын статус”-ын хэв шинж бүрэн цогцолсон гэж хэлж болно. Тиймээс бидний хувьд цаашид Дархан-Уул аймгаас хот болгон хөгжүүлэх хүсэл тэмүүлэл бий.  

    Дархан-Уул аймгийг Хотын чиглэлээр, хөдөө 3 сумыг тус бүрийн онцлогт нь тохирсон чиглэлээр хөгжүүлж, хотынхоо хүнсний ногоо, газар тариалан, гурилын хэрэгцээ, махны хэрэгцээг дангаараа бүрэн хангах чадвартай болгон хөгжүүлэх алсын хараа, боломж бидэнд бий.

    2012 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар Дархан хотыг “Монгол улсын загвар хот” болгон хөгжүүлэх төслийг боловсруулсан. Энэхүү төслийг Монгол улсын Шадар сайд ахлаж, Хөгжлийн хороо байгуулан Дархан хотыг Ухаалаг хот болгох судалгааг эхлүүлсэн боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уг төслийг түр зогсоосон. Гэхдээ энэхүү төслийг үргэлжлүүлэх болно.

     Мөн түүнчлэн Улсын нийслэлд “Хүрээ соёл “ гэдэг олон зуунаар дамжин өвлөгдөж ирсэн соёлын тухай ярьдаг бол шинэ залуу хотыг бүтээн босгосон илгээлтийн эзэн залуусаас, хагас зуун  жилээр  уламжлагдаж ирсэн Дархан хотын соёлыг өнөөгийн иргэд, өсвөр үеийнхэний амьдралын хэв маяг, аж төрөх ёсонд бат суулгахад онцгойлон анхаарах ёстой. 

- Дархан хотыг хөгжүүлэхэд нийгмийн ямар салбаруудыг хөгжүүлэх ёстой гэж та хардаг вэ? 

    Орон нутгийн төсвөөс жижиг дунд үйлдвэрлэгчид болон томоохон ААНБ-уудыг дэмжих боломж өнөөдөр алга байна. Хамгийн гол нь Дархан хотын 10-20 жилийн дараах хөгжил цэцэглэлтийн үндэс суурийг өнөөдрөөс эхлүүлэхийн тулд  Үйлдвэр технологийн паркийг бий болгон, хөгжүүлэхээр ажиллаж байна. 

    Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг бид2000 оноос хойш 10 гаран жил ярьж, хөөцөлдсөөр 2013 онд Засгийн газраар батлуулж, ҮТП-ийг хөгжүүлэх тусгай зөвшөөрлийг авсан. ҮТП-ийн төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, бизнесийн таатай орчин бүрдэх боломж ирнэ.

     ҮТПаркийг чөлөөт бүсийн хэлбэрээр тодорхой бүс нутагт хөгжүүлдэг ба аливаа үйлдвэрлэлийг ҮТП-ийн бүсэд эрхэлбэл газрын татвараас чөлөөлөх, гаднаас оруулж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн худалдааны татвараас чөлөөлөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тухайн бүсэд борлуулбал тодорхой хөнгөлөлтөд хамруулах зэрэг 1 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлтүүд тусгагдсан. 

      Энэхүү төслийг орон нутгийн нөөц бололцоогоо ашиглан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

     Ерөнхий сайд саяхан Дархан-Уул аймагт ажиллах үеэр Дарханд эхний ээлжинд “Арьс ширний үйлдвэрийн нэгдэл”,“Орхон кластер” төслийг хэрэгжүүлэх тухай ярилцаж, тохиролцоонд хүрч чадсан. 

      Дулааны станцын цахилгаан үйлдвэрлэх үйл явцад 7 мянган куб метр уур хаягддаг. Гэтэл арьс шир, хүнсний ногоо боловсруулахад аль алинд нь халуун уур хэрэгтэй.  

      Эдгээр үйлдвэрүүд нь богино хугацаанд ашиглалтад ордог, бүтээгдэхүүн нь зах зээлд хурдан борлуулагддаг, ажлын байр олноор бий болгодог давуу талтай.

      Энэ мэтчилэн үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг Дарханд  татан авчирч чадвал Хотоо хөгжүүлэх боломж бий хэмээн харж байна.  

- Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримтлаж байгаа вэ? 

     Томоохон үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг ойрын хугацаанд боломжгүй байна. Наад захын жишээ дурьдхад  Дарханы хамгийн том үйлдвэр болох Дархан Төмөрлөгийн үйлдвэр маань үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт нь нь зогсонги байдал орж, олон хүн ажилгүй болж байна. Эдийн засгийн хүндрэлийг дагаад томоохон үйлдвэрүүдийн ажиллах нөхцөл хүндэрч байгаа учраас үүнийг давах туулахын тулд өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. 

      Хамгийн зөв гаргалгаа нь Үйлдвэр технологийн паркийг байгуулж хөгжүүлэх явдал юм. 

   ҮТП-ийн хүрээнд хүнсний, оёдлын зэрэг үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл олон хүн ажлын байраар хангагдах боломжтой болно. ҮТП-ийн бүсийг Мангирт хорооллын наана байгуулахаар тодорхойлж, Тэргүүлэгчдийн хурлаар баталсан. 

- khural.mn сайтын урилгыг хүлээн авч, илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. 

     Баярлалаа. Дархан хотын шавийг тавилцаж байсан ахмадууд, бүтээн байгуулалтад оролцож байсан дунд үеийнхэн, ирээдүйн Дархан хотын эзэд болсон залуучууддаа Дархан хот үүсэн байгуулагдсан их ойн баярын мэндийг хүргэе. 

      Бид энэ хотод ажиллаж амьдарч байгаагийн хувьд Дархан хотоо өнгөтөй өөдтэй байлгах, иргэдээ ая тухтай  илүү сайхан орчинд ажиллуулж, амьдруулах үүрэгтэй. 

      Төр, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд Дархан хотын маань хөгжил улам цэцэглэн хөгжих болтугай. Дарханчууд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%