Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гадны банкны салбарыг нээгээгүйнхээ горыг хангалттай амслаа

2016-11-04

МҮХАҮТ-аас “Business Breakfast” уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Б.Жавхлан уригдан, бизнес эрхлэгчдийн асуултад хариулсан юм.

Нэг цаг хагас үргэлжилсэн уулзалтаар ирэх оны мөнгөний бодлого, шинээр байгуулах ББСБ-уудын босгыг 2.5 тэрбум болгон өсгөсөн нь зөв эсэх, стэнд бай хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх болон гадны салбарт үүдээ нээхдээ ямар  зохицуулалт хийх талаар ярилцав.

Уулзалтыг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хөтөлж, эхний асуултыг тавьсан.

2012-2016 онд Төвбанк валютын ханшийг тогтоон барих зорилгоор интервенц хийн, зах зээлд зургаан тэрбум ам.доллар, долоон их наяд төгрөг нийлүүлжээ. Үүний 3.5 тэрбумыг буюу 50 хувийг ипотекийн зээл, Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдэд зарцуулсан байна. Илүү тодруулбал уул уурхай, барилга, боловсрол гэсэн гурван салбарт дийлэнх санхүүжилтийг хийсэн.

Монголбанкны бодлогын хүү сүүлийн арван жилд 2-4 хувиар хэлбэлзэж ирсэн байна. 2008 онд бодлогын хүү 14 байсан бол өнөөдөр 15 хувь болжээ. Ирэх оноос манай улс гадаад өр, зээлээ төлж эхэлнэ. Дээр нь төсвийн алдагдал ДНБ-ийн 18 хувь, Засгийн газрын өр 88 хувьд хүрчихсэн, ажилгүйдлийн түвшин 35 хувиар эрс өссөн зэрэг сөрөг байдал үүсчихлээ.

Сүүлийн арваад жилд манай эдийн засаг буруу тооцоололтой, заримдаа бүр ямар ч тооцоололгүй явж ирсэн.

Ийм нөхцөлд Монгол Улс мөнгөний ямар бодлого баталж, эдийн засгийн бодит өсөлтийг хангадаг бизнес эрхлэгчдийн хүлээлтэд ямар хариу өгч, бизнесийнхэн цаашид үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж, эрх баригчид ямар бодлогоор хүндрэлийг даван гарах гэж талаар эхлээд асууя.

 УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Энэ удаагийн төсөв, мөнгөний бодлогын гол үүрэг, ач холбогдол гэвэл ирэх дөрвөн жилийн мөчлөгийн эхний суурь тэнцлээс гадна хөгжлийн загварыг тодорхойлох ач холбогдолтой. Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдал юунаас болов гэдгийг эхлээд дүгнэх учиртай.

Сүүлийн арваад жилд манай эдийн засаг буруу тооцоололтой, заримдаа бүр ямар ч тооцоололгүй явж ирсэн нь одоо илэрч байна. Гол нь эдийн засаг дөрвөн жилийн сонгуулийн амлалтын дагуу, богино мөчлөгөөр, улс төрөө даган савлаж, амлалтаа богино хугацаанд гүйцэлдүүлэх гэж бэлэн баялгаа буюу уул уурхайгаа хэт шүтсэн, түүнээс хамааралтай явж ирсэн.

2000 он хүртэл манай эдийн засаг уул уурхайгаас 30 хувь хамаарч байсан бол одоо 70-80 хувийг эзэлсэн. Дээр нь бид олон улсын даяаршилд өөрийн эрхгүй татагдан орлоо. Тиймээс дунд, урт хугацаанд эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж, уул уурхайн хамаарал, эрсдэлээс ангижирна.

Ингэж л урт хугацааны, хөгжлийн асуудлаа ярина. Өөр зам байхгүй. Богино хугацааны шийдэл яривал 4-8 жилийн дараа бахь байдгаараа л байна. Тиймээс ирэх дөрвөн жилээ зөв тодорхойлж, одоогийн мөчлөгөө аль болох уртасган, зөв шийдвэр гаргах үе ирлээ. Би хорин жил энэ салбарт ажиллалаа. Монголбанканд 17 жил ажилласан. Өмнө нь надад бодлогын шийдвэрт нөлөлөөх боломж байгаагүй. Одоо УИХ-ын гишүүн болсон тул бодлогын өөрчлөлт хийнэ. Энэ нь миний мэргэжлийн амбийц.   

Төсөв гэхээр бид хөрөнгө оруулалтаа тойроод тухайн жилийн орлого, зарлагаа ярьдаг. Төсвийн бодлого макро түвшинд Төвбанкны бодлогын хүүнээс ч илүү нөлөөтэй, үр дүн нь хурдан илэрдэг бодлогын хэрэгсэл. Төвбанк дунд, урт хугацааны бодлогоо төсвийн бодлоготойгоо уялдуулсан, бие биедээ өгөөжтэй байх шийдвэр гаргах нь чухал байна.

Энэ удаад хөрөнгийн зах зээлийн талаар илүүтэй ярих болов уу. АНУ-д банк, хөрөнгийн захын харьцаа нь 50:50 хувь байдаг. Бидний хамгийн ойрын жишээ болох БНСУ-д 1990 онд л өнөөгийн манайх шиг байсан. Одоо 70:30 болсон, Европт 60:40 байна. Манай санхүүгийн зах зээл хэт монопол, гаж тогтолцоотой. Иймд санхүүгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө багассаар байна.

Энэ зах зээлийг либеральчилж, олон талт тулгуурт болгон нээснээр Төвбанкны бодлогын өгөөж нэмэгдэх учиртай. Ингэж эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.

Төсөвт энэ удаагийн хүндрэлийг “далимдуулж” зоригтой реформ хийнэ. Ерөнхий утгаараа орлогоо илүү дайчилж шавхана. Хэмнэх гэхээсээ илүү өгөөжтэй, хүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх нь чухал. Хөрөнгө оруулалтыг хумихад сөрөг тал ч бий. 

Тиймээс чухал шаардлагатай, эргэлтийн шинжтэй, хөрөнгө оруулалтыг зоригтой хийж, төрийн байгууллагад том байр барих гэх мэт үр ашиггүй, хүнд суртал дагуулсан хөрөнгө оруулалтыг болиулж, багасгах гэх мэтээр хойшлуулж, ялгаж салгах нь чухал.

ЦАГААН САРЫГ ХҮРТЭЛ БОДЛОГЫН ХҮҮГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛОВ УУ

Би Монгол банкийг төлөөлөн ярих эрхгүй. Эдийн засагчийнхаа байр суурийг илэрхийлж байна. 

Инфляци энэ жил нам түвшиндээ байна. Харин ирэх жилээс эдийн засгаа өсгөх бодлогыг Засгийн газар баримталж, Монголбанк ч дэмжиж байна. Эдийн засаг өсвөл инфляц мөн өснө. Гэхдээ 8 хувьд тогтоохыг зорьсон. Бодлогын хүү 15 хувьд хүрлээ. Уг нь инфляц нам байхад мөнгөний бодлогоо зөөлрүүлэх боломжтой. Шинэ Засгийн газар бүрэлдсэний дараа хэд хэдэн мэдэгдлийг ойрхон хийсэн нь захыг ихээхэн цочроосон. Төгрөгийн долларын эсрэг ханш долоо хоногт 250 төгрөгөөр суларсан.

Төсөв хэмнэх гэхээс илүү өгөөжтэй, хүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх нь чухал. 

Энэ тохиолдолд Төв банк бодлогын хүүгээ хөдөлгөхөөс аргагүй. Уг нь бодлогын хүүг 10-12 хувьд барих боломж байв. Бодлогын хүүг огцом өсгөсөн учраас эдийн засагт үзүүлэх нөлөө нь хурдан илэрнэ. Цагаан сарыг хүртэл бодлогын хүүг өөрчлөхгүй болов уу.

-“Максам Эксплозивс” ХХК-ийн захирал н.Энх-Амгалан: Ипотекийн зээлийг санхүүжүүлэх ямар хувилбарууд байгаа вэ?

-Ипотекийн зээлийг үргэлжүүлэх шийдвэр гарсан. Энэ зээлийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Дундаж давхаргыг бий болгох, ирээдүйн хөрөнгө оруулалт гэдэг талаасаа ипотекийн зээл ач холбогдолтой. Гэхдээ яаж хэрэгжүүлэхээс хамаарна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч бий. Аль ч намын Засгийн газар, ямар ч бүтэцтэй УИХ байсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.  Ипотекийн зээлтэй иргэд байнгын орлоготой байхыг хичээнэ, санхүүгийн төлөвлөлтөө зөв хийж хэвшинэ.  

2010 оны Засгийн газрын үед хувь, хувьсгалын салбаруудыг нь холбосон, зөв схем бүхий тогтолцоотой, сонгодог зарчмаар явсан. Тавин тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нь төсөвт суулган, 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн шүү дээ. Одоогийн загвар Монголбанкинд ачаалал үүрүүлсэн. 2012 оноос хойш Төвбанк ингэж оролцох нь сөрөг байдлыг үүсгэсэн. Нийт гурван их наяд төгрөгийг барилгын салбарт оруулангуут импортоор барилгын материалаа татах нь нэмэгдэж, энэ нь эргээд ханшид дарамт учруулсан.  

Ийм схем цааш явахгүй. Одоогийн Төв банкны удирдлагууд ч үүнийг дэмжин, хатуу байр суурьтай байна. Тэд энэ зээлийг хэрхэн олгохыг шийдэхийн тулд судалгаа хийж байгаа юм билээ. УИХ-д хараахан танилцуулаагүй байна. Удахгүй олон нийтэд мэдээлэх байх.

Эдийн засагтаа гэмтэл бага үзүүлэх, макро тэнцвэрийг хангах байдлаар зээл олгох ёстой. Үгүй бол импорт, ханшид нөлөөлдөг. Уг нь 600 тэрбум төгрөгийн бодит эрэлт бий. Энэ бол худалдан авах чадвартай багагүй хэсэг байгааг харуулж байна.  Одоогоор сар бүр 20-30 тэрбум төгрөгийг зээл авсан иргэд эргүүлэн төлж байна. Энэ мөнгийг эргүүлээд зах руу оруулах нэг боломж байна. Гаднаас хөрөнгө оруулалт татах хувилбар ч бий.

“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨР, БНХАУ-ЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр болон урд хөршөөс авах гэж буй зээлийн талаар тодруулья.

-“Стэнд бай” хөтөлбөр болон БНХАУ-ын урт хугацааны хөгжлийн зээлийг хоёуланг нь хослуулах хэрэгтэй. Түүнээс нэг нь нөгөөгөө нөхөхгүй. “Стэнд бай” хөтөлбөр дунд хугацааны, төсвийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх арга бөгөөд нөхцөлт зээл. БНХАУ-аас авах зээл урт хугацааны, хөгжлийн зээл. Энэ бол Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр хөөцөлдөж буй олон хувилбарын нэг нь. Тэгэхээр агуулга, зорилго нь өөр өөр зээл. Стэнд байд бид өмнө нь хоёр удаа хамрагдсан тул хүсэх зүйл биш.  Гэхдээ өөр арга алга. БНХАУ-ын Засгийн газар бидний оролцоогүйгээр бидэнд олгох зээийн талаар ОУВС-тай  ярилцах байх.  

Учир нь ОУВС-гийн валютын бүтцэд энэ жилээс юаныг албан ёсоор багтаалаа.  Тэгэхээр ОУВС-гийн шийдвэр гаргалтад Хятадын дуу хоолой нөлөөлнө. Энэ сан манай эдийн засгийг хэрхэн дүгнэж, ямар шийдвэр гаргах нь бидний авах дараа дараагийн бизнесийн зээлд шууд нөлөөлнө.  

-Хүү бууруулах боломжтой юу?      
-Хүүг 100 хувь гэж үзвэл 50-60 хувь нь хадгаламжийн хүү.  Үлдсэн нь хуулийн нөлөө, эрсдэл. Энэ талаар ярихаар эргээд л дан ганц банк ноёрхсон, буруу систем рүүгээ орно. Сонгодог зах зээлд банкууд зээлийн бага хүүгээр өрсөлддөг. Харин манай зах зээл хаагдмал. Хадгаламжийн захад л гол өрсөлдөөн болдог тул хадгаламжийн хүү өсдөг. Тэгэхээр зээлийн хүү буурахгүй. Сүүлийн жилүүдэд Төв банк шинэ банк байгуулахыг төдийлөн дэмжээгүй, тусгай зөвшөөрөл олголгүй явж ирсэн. Шинэ банк гарч ирээд хадгаламжийн хүүг өсгөдөг.

Хуулийн нөлөө гэхээр барьцаа хөрөнгө тойрсон асуудлууд бий. Энэ талаарх зохицуулалтаа сайжруулбал зээлийн хүртээмж өсөн, хугацаа нь уртасна. Гэхдээ хүү дорвитой буурахгүй.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа:

-МҮХАҮТ-аас судалгаа хийхэд хөгжиж буй 104 улс гадны банкуудад үүдээ нээжээ. Испани зохицуулалтаа сайн хийсний дараа гадны банкуудад нэвтрэх зөвшөөрөл олгосон тул дотоодын банкууд нь тэргүүлэх байр сууриа хадгалж чаджээ. Японд гадаад, дотоод бүхий л банканд нэг ижил хууль үйлчилдэг аж. Харин Италид үндэсний банкууд нь гадаад банкуудад байр сууриа алдсан аж.  

Төв банк шинэ банк байгуулахыг төдийлөн дэмжээгүй, тусгай зөвшөөрөл олгоогүй. Шинэ банк гарч ирээд хадгаламжийн хүүг өсгөдөг.

-Bank of China гэдэг ганц нэр л хэлээд байдаг юм. Гадны банк гэхээр ганцхан банкаар битгий хар. Гадны банкны салбар болон хөрөнгө оруулалтын гадны банк оруулж ирэх нь эерэг болон сөрөг талтай. Эдийн засаг хэврэг байгаа өнөө үед тэдэнд зөвшөөрөл олгох нь буруу гэж зарим эдийн засагч үзэж байна.

Гэтэл тэднийг татаж оруулаагүйнхээ горыг бид хангалттай амссан. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол Оюутолгойн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Бодит хохирол амссан нэг л жишээ нь энэ. Одоо үүнийг засахын тулд Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх нь маш хэцүү.  
ХҮМҮҮС ТӨВ БАНКНЫ ГАДАА ГАДНЫ БАНКУУД ШАВААД БАЙГАА МЭТЭЭР БУРУУ ОЙЛГОДОГ 

Гадны банк ажиллаж эхэлснээр гарах сөрөг тал юу вэ гэвэл манай банкны хувьцааны үнэ унах талтай. Гэхдээ манайд үндэсний банк байхгүй. Нийт хувьцааныхаа 20-30 хувийг олон нийтэд нээлттэй худалдсан банкийг үндэсний гэж тодотгодог. Энэ оролдлогыг хийсэн Анод болон Зоос банк дампуурсан.

Манайд хувийн хэвшлийн эзэмшлийн банкууд л бий. Зөв зохицуулвал дотоодын банкууд хаалгаа хаахад хүрэхгүй. Манай банкууд ажиллаж чадахгүй байгаа хэсгийг гадны банкуудад нээх хэрэгтэй. 50 сая ам.долларын өртөгтэй, концессын төсөл хэрэгжүүлье гэхээр санхүүжүүлэх банк байдаггүй. Гадны банк манай аль нэг банктай хамтран зээл олгож болно. Хадгаламж гэх мэт жижиг зах зээлд гадны банк ажиллахгүй байх, ажилчдынх нь 70-80 хувь нь монгол иргэд байна гэх мэт шаардлагаа тавих хэрэгтэй. Энэ тохиргоонуудыг хийн, гадны банкуудыг урих нь зөв. Үүний тулд заавал хуулиа өөрчлөх шаардлагагүй.

Бодлогын хүү 15 хувь болсноор хадгаламжийн хүү буурах боломжгүй болчихлоо. 

Оросын банк манайд салбараа нээсэн түүх бий. Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэр банкны суурин дээр ажилладаг.          

Эдийн засаг эрчимтэй өссөн 2012 оны үед гадаадын банкууд манай зах зээлийг сонирхсон. Одоо бол хүсэлтээ өгсөн ганц ч банк байхгүй. Хүмүүс болохоор манай гадаа л банкууд шаваад байгаа мэтээр буруу ойлгодог. 

Хөрөнгийн биржийн Маркетингийн албаны дарга Ш.Мягмарсүрэн:

-Банкууд  эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах нь нэмэгдлээ. Ингэснээр зээл олгох үндсэн үйл ажиллагаагаа хойшлуулж байна. Энэ талаарх таны бодол юу вэ?
-Энэ маш буруу бүтэц. Санхүүгийн зах зээлд шинэчлэл хийх гол шалтгаан энэ. Бүтэц буруу байгаагаас ийм сөрөг уршигтай. 2010 оны хямралын үеэр Банкны тухай хуульд өөрчлөлт оруулан, үнэт цаасны зах зээл дэх банкуудын оролцоог нээсэн. Тухайн үед хөрөнгийн биржийн үйл ажиллагаа бараг л зогссон байв. Мөнгөтэй ганц газар нь банк байсан тул тэднийг татан оролцуулах замаар хямралыг давсан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. Одоо өөрчлөх цаг ирсэн. Банкуудын оролцоог эрс багасгах нь зөв. Бодлогын хүү 15 хувь болсноор хадгаламжийн хүү буурах боломжгүй болчихлоо. Засгийн газрын үнэт цаасны хүү татвартайгаа нийлээд 20 хувь боллоо.       

Сонгуулийн өмнөхөн хувьцааг мөнгөжүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Үйлчилгээний хөлс гэж төсөвт 50 тэрбум төгрөг суулгасан. Үг нь үнэт цаасны компаниудад төлөх байв. 

Банкуудын балансын бүтцийг харвал 60-70 хувь нь хадгаламжийн эх үүсвэр. Олон нийтийн энэ мөнгийг эрсдэлгүй газарт л байршуулах ёстой. Гэтэл үнэт цаас, хөрөнгийн зах зээл ихээхэн савлагаатай. Иймд банкны мөнгийг хөрөнгийн зах уруу оруулж болохгүй.

Хамгийн сүүлийн жишээ нь Эрдэнэт. 2010 онд оруулсан өөрчлөлтөөр банкууд дэргэдээ охин компани байгуулахыг зөвшөөрсөн. Энэ дагуу ХХБ-ны охин компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авлаа.            

СЗХ-НЫ УДИРДЛАГУУД БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН

“Дэү сэкьюритис Монгол” компани, н.Мөнгөншагай

-Уулзалтын эхэнд Монголбанк банк дөрвөн жилд 7 их наяд төгрөг нийлүүлсэн гэлээ. Төв банк зах зээлд мөнгө нийлүүлэхдээ ямар бодлого баримталдаг вэ, ямар харьцаануудыг харгалздаг вэ. Төгрөг нийлүүлэх бүрт Монгол банкны долларын нөөц буурч байдаг гэж өмнөх ерөнхийлөгч О.Чулуунбат хэлсэн байдаг.  

-Тэр нь зөв юм. Валют, алтны нөөц, төсвийн бодлого, төлбөрийн тэнцэл зэргээ харж мөнгө нийлүүлдэг.   


Бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн зөвлөл:

Санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэнэ гэж байнга ярьдаг ч хэрэгждэггүй. Хэдий чинээ жижиг бизнес эрхэлнэ зээл авах нь төдий чинээ хэцүү. Хүнээр ярьвал цэцэрлэгийн хүүхдүүдэд хадгаламж зээлийн хоршоо, ББСБ үйлчилдэг, ЕБС-д орохоор нь хувийн банкууд, дээд сургуульд ороход нь арилжааны банкууд, олон улсад гарч, хүрээгээ тэлэнгүүт хөгжлийн банк үйлчилдэг баймаар байгаа юм. Ингэвэл санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй болно.

-Ямар хэрэглээ, хэрэгцээ байна, тэр болгонд л хүрч үйлчлэхийг хүртээмж гэнэ. Та бүхэн ББСБ-уудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байсан. Уг нь банкнаас бусад салбарт ажиллуулах гэж ББСБ-ыг байгуулсан. Банкнаас ялгаатай нь ББСБ-ын эзэн өөрийн хөрөнгөөр зээл олгодог. Иймд төрийн зохицуулалт бага байх ёстой. Хүн өөрийнхөө хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхэд нь Монголбанк бусад банкуудад тавьдаг шиг өндөр шаардлага тавьж, хүнд суртал гаргаж болохгүй. ББСБ-ууд олон нийтээс хөрөнгө татвал СЗХ хяналтаа өндөрсгөх нь зөв.   

Саяхан СЗХ шийдвэр гарган, ББСБ-уудын дүрмийн санг хавтгайд нь 2.5 тэрбум төгрөг болгосон нь буруу. Ялангуяа өнөөгийн нөхцөлд. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл олгж байсан  ганц субьект нь ББСБ байсан. Тулалдаанд тэд л галын дэмжлэг үзүүлж байв. Яагаад зээлийн ганц сувгийг хумив гэтэл эрсдэл бууруулна гэж СЗХ тайлбарласан. Энэ бодит шалтгаан биш. Хадгаламж тат даггүй санхүүгийн байгууллагын дүрмийн санг өсгөхөд эрсдэл буурахгүй. ББСБ байгуулах гээд 800 сая төгрөг цуглуулсан бол боломжгүй болчихлоо.    

Нэгдэж, нийлүүлэх шаардлага  тавьж байгаа юм билээ. Ингэж яах юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Эдийн засгийн өндөр өсөлттэй үед л шаардлагаа өндөрсгөх ёстой. Хямралын үед хатуурхаж болохгүй. Шинээр ББСБ байгуулах хүсэлт цөөрч, СЗХ-ны ачаалал л буурах байх. Өөр ямар ч эерэг тал байхгүй.  

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:

Та олон жил Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Сайн, саар олон шийдвэрийг гаргалцсан. Эрх баригчдын гаргасан буруу шийдвэрийн ачааг бизнес эрхлэгчид л үүрдэг. УИХ-ын гишүүн халааснаасаа мөнгө гаргалаа гэж би дуулаагүй.

2013 оны нэгдүгээр сард мөнгө хэвлэхэд есдүгээр сард нь төгрөгийн ханш 40 хувиар унасан. Монголбанк үүнийг далимдуулан 2.5 их наядыг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр зээлсэн. Цаазаар авахуулахад бэлэн 800 орчим компанийн захирал байна. Харин бодлого боловсруулсан хүмүүс өнөөдөр байхгүй. Монголын бизнэс эрхлэгчид зовлон үзсэн чавганц шиг боллоо. Та банкны салбарт гаргасан алдаагаа ухамсарласанд их баярлаж байна. 2009 оны хямралаар банкуудыг унагахгүйн тулд УИХ-аар тогтоол гаргуулж, арилжааны банкуудад хоёр эрх олгосон. Тэр эрхээ давуулсны жишээ Эрдэнэт гэж та зөв хэллээ.     

Банкууд хадгаламжийн хүүгээ хоёр дахин бууруулах ёстой. Үгүй гэвэл татварыг нь 50 хувь авах хэрэгтэй.  Банкуудын үйлчилгээний зардал маш өндөр. Энэ зардлаа 2-3 пунктээр бууруулахыг нь зааж өгөх хэрэгтэй. Иймэрхүү  механизм ашиглах нь зөв. Үүнийг эсэргүүцэгчид чөлөөт зах зээлээр түрий барьдаг. Өөрсдөө уналтад орохоороо төрөөс тусламж авдаг.

Бүх ААН 2300 төгрөгөөр ханшаа тогтоосон байхад газрын тосны онцгой татвар 1470 төгрөг л байна. Бүхэл бүтэн тэрбум ам.долларын эргэлттэй зах зээлийг төр ингэж зохицуулдаг. Тэгсэн атлаа бусдад ийм эрх чөлөө олгодоггүй.

Одоо бид ухаантай хүн хүлээх цаг биш. Хоорондоо л сайн ойлголцож, зөвлөлдмөөр байна. Мөнгөний бодлого маш чухал гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлье. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн яамныхнаас асуусан. 21 хоногийн өмнө оруулсан, төсвийн төсөл яагаад өөрчлөгдөв гэтэл УИХ-ын гишүүд дандаа хараар харлаа, өөдрөгөөр төсөөл гэж шүүмжилсэн тул төсвийн төсөлд өөрчлөлт оруулсан гэж хариулж байна лээ. Үнэхээр эмгэнэлтэй. Сангийн яам мэргэжлийн бус байна. 76 хүний аяс, сэтгэлийн догдлолоор төсөв боловсруулна гэдэг гутамшиг.        

Эдийн засагч Д.Жаргалсайхан: БИД ОДОО ГУЙГААД Ч БОНД БОСГОЖ ЧАДАХГҮЙ

Үнэ үнэн мэдээлэл агуулах ёстой. Гэтэл газрын тосны үнийг хуурамчаар тогтож байгааг сая хэллээ. Төр үнэ тогтоодог хэвээр. Ипотекийн зээл хэрэгтэй. Гэхдээ энэ ч бас маш том манипуляц (тархи угаалт).

Мэдлэгээ ашиглаж чадахгүйн зовлон байна. Эрх баригч нам ур чадварт нь суурилан томилгоо хийхгүй байна.

Хүү өсгөхөд жижиг банкууд ихээхэн нөлөөтэй байна. Тэд авлигын шугамаар өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг гаргуулж байна. Төрийн мөнгө жижиг банкуудад байршдаг. Үүнийг таслан зогсоохгүйгээр юу ч яриад нэмэргүй.

Засгийн газрын үнэт цаас 17 хувьд хүрсэн нь байж болох бүх хязгаарт тулсны баталгаа. Банкуудаас гурван хувь өндөр хадгаламж өгч байгаа нь бүрэн дампуурал. Бид одоо гуйгаад ч бонд босгож чадахгүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар сахилга баттай болох нь үнэн. Гэвч хангалттай биш. Явж явж Хятадаас 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 4 тэрбум ам.доллар зээлэхээс өөр сонголт байхгүй. Хувин ийм том цоорхойтой байхад тийшээ хэчнээн ч мөнгө хийгээд асуудлыг шийдэхгүй. Тэр цоорхой бол авлига. Авлига улам гааран, давхар давхар хамгаалалттай болсоор.            

Зуун жилийн хугацаатай, хүүгүй, 100 тэрбум долларыг бидэнд өгөөд ч нэмэргүй. Хариуцлага тооцохгүйгээр урагшлахгүй. Бид хуулийн засаглалаар хоцрогдож байна. 25 жилийн өмнө гадаад хэлтэй хүн байгаагүй. Бид олон залууг гадаадад бэлдлээ. Одоо бидэнд мэдэхгүйн зовлон байхгүй. Мэдлэгээ ашиглаж чадахгүйн зовлон байна. Эрх баригч нам ур чадварт нь суурилан томилгоо хийхгүй байна. Том зээл авлаа гээд асуудлыг шийдэхгүй.    

Гэрэл зургуудыг МҮХАҮТ-аас

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%