Б.ЖАРГАЛСАЙХАН /Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/
- 2017 оны төсвийн төсөөлөл урьдчилсан
байдлаар гарсан. Манай аймгийн ирэх оны төсвийн онцлог нь юу байна?
-Аймгийн хэмжээнд 2017 оны төсвийг Засгийн газар, Сангийн яаманд хянахдаа 2016
оны төсвийн түвшинд байхаар хянуулж чадсан.
Энэ бол манай Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого
төлөвлөлтийн хэлтэс, Татварын хэлтсийнхний маань сайн хамтарч ажилласны үр дүн
юм. Мөн суурь төсвийн орлогыг 2016 оныхоос 606 сая төгрөгөөр
нэмэгдүүлсэн байгаа.
-Төсвийн хямралтай үед орлогын түвшинг
нэмээд байгаагийн учрыг тайлбарлаач. Ирэх онд төсөв улам хүндэрнэ, тасарна
гэсэн яриа их байгаа шүү дээ?
- Орлогын түвшинг нэмнэ гэдэг нь олон ялгаатай. Суурь орлого дээр нөлөөлдөг хэд
хэдэн хүчин зүйлс байдаг. Дархан-Уул аймгийн хүн амын тоо 100 000 хүрч байна.
2017 оныг Улсын хэмжээнд эдийн засгийн бодит өсөлт 3% байна гэж тооцсон. Энэ нь
эдийн засгийн суурь тооноосоо хамаарч байгаа өсөлт юм. Тиймээс манай төсөвт
өндөр хэмжээний ачаалал болж ирэхгүй. Манай аймгийн хэмжээний нийт төсөв 23.0
тэрбум төгрөг байдаг. Үүнээс 1.7 тэрбум төгрөгийг нь бид татаасаар авдаг. Бусад
нь төсвийн орлогоор бүрддэг. Ер нь бол макро түвшиндээ эдийн засаг хүндэрч
байгаа учраас иргэдийн бизнес, орлого хүндрэхийг бид үгүйсгэхгүй. Учир нь
бизнес, эдийн засгийн таатай орчин бүрдэж байж тухайн бизнесийн үйл ажиллагаа
явагдаж тэндээс татвар орж ирнэ. 2016 оны хувьд ХАА-н салбар манай аймгийн
эдийн засагт их нөлөөлсөн. Энэ жил ургац сайн авлаа. Аймгийн хэмжээнд нийт
14000 тонн үр тариа хурааж авахаар төлөвлөж байсан бол үүнийг давсан хэмжээний
үр тариа хураасан байх жишээтэй. Шинэ Засгийн газраас үйл ажиллагааныхаа
төрлийн хувьд олон тусгай зөвшөөрлийн асуудлыг цуцлах арга хэмжээг хэрэгжүүлж
байна. Түүнчлэн стратегийн ордуудтай холбоотой томоохон төслүүдийг эхлүүлэх гэж
байна. Гадны хөрөнгө оруулагчид ч манай улстай хамтарч ажиллах сонирхол их
байгаа. Хэрвээ Засгийн газрын зорилтын хүрээнд гадны хөрөнгө оруулалттай ажлууд
хэрэгжээд эхэлвэл эдийн засгийг барьж тогтооход эерэг боломж гарч ирнэ. Гэхдээ
өргөс авч байгаа мэт эдийн засагт шууд нөлөөлөхгүй, мэдээж тодорхой
хэмжээний хугацаа ордог. Боловсролын салбарт хийсэн зөв буруу бодлогын үр дүн
20 жилийн дараа гарч ирдэг гэж ярьдаг шүү дээ. Түүнтэй адилхан эдийн засгийн
хэмжээнд тавьсан суурь агуулга нь магадгүй 2019, 2020 онд жигдрэх болов уу гэж
бодож байна. Хямралын сайн тал гэж байдаг. Тодруулбал, тансаг хэрэглээ
буюу илүү зардлыг иргэд маань ч, төрийн байгууллагууд ч хумидаг. Улсын
хэмжээний эдийн засгийн хямралыг даван гарах суурь нь иргэд, ард түмэн байдаг.
Тийм учраас манай Дарханчууд ч гэсэн өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Өрхийн
орлого, зарлагаа сайн тооцож байх хэрэгтэй.
- Дархан-Уул аймаг Засгийн
газраас хамааралгүйгээр төсвөө нэмэгдүүлэх боломж хэр байдаг вэ?
- Манай аймгийн хувьд орон нутгийн төсвөөр нийт 23.0 тэрбум, тусгай
зориулалтын шилжүүлгийн төсвөөр нийт 32. тэрбум төгрөгийг зарцуулж байна.
Төсвийн хувьд бие даах чиглэлүүдээр томоохон бодлогыг үе үеийн санхүү, эдийн
засгийн удирдах ажилтнууд, аймгийн удирдлагууд баримталж ажилласаар ирсэн.
Дархан хотын хүн амыг хэрхэн өсгөх тухай бодлого байдаг. Учир нь хүн ам өсөх
хэмжээгээр эдийн засгийн суурь нэмэгддэг. Тодорхой ярьвал, газрын төлбөрийг
сумын ИТХ баталдаг, үл хөдлөх хөрөнгийн татвар, авто тээвэр, өөрөө явагч
хэрэгслийн албан татвар, хогны хаягдлын хураамжийг аймгийн ИТХ баталж өгдөг.
Энэ нь бусад аймгаас хамгийн бага байдаг. Яагаад гэхээр Дарханд амьдрах таатай
нөхцлийг бүрдүүлж хүмүүсийг татах зорилготой. Ойролцоогоор хотын хүн ам 500,000
давж байж хараат бус, өөрийгөө бие дааж авч явах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ Монгол
улсын үндсэн хууль, төсвийн тухай хуулинд нэгдмэл байна гэж заасан байдаг
учраас бид мэдээж улсын төсөвтэйгээ нэгдмэл байдлаар төсөв санхүүгээ өргөжүүлнэ.
- Орон нутгийн хөгжлийн сан жил ирэх тусам
л хумигдаад байна. Тус санг цаашид нэмэгдүүлэх боломж бий юу?
-ОНХС нь импортоос орж ирж буй бараа бүтээгдэхүүнээс бусад НӨАТ-ын 15 хувь,
ашигт малтмалын нөөц ашигласны 5 хувь, гадаад дотоодын хандив тусламж
гэсэн эх үүсвэрээс бүрддэг. Том төслүүд зогссонтой холбоотойгоор ОНХС-ийн төсөв
багассан. Цаашид энэ санг нэмэгдүүлэх бодлогыг мэдээж баримтлах байх. Гэхдээ
эдийн засгийн хямралтай үед хамаагүй тэлэх бодлого нь бас буруу байдаг. Учир нь
ОНХС-аар байшин барилгатай холбоотой хөрөнгө оруулалтын томоохон ажлууд бий
болдог. Гэтэл хямралын үед тэдгээрийн урсгал, тогтмол зардлын асуудлууд нь
төсөвт дахин ачааллыг бий болгодог. Иргэд ихэвчлэн байрныхаа сантехник,
дээврийг засварлуулах, тоглоомын талбай байгуулах зэрэг саналуудыг тавьдаг. Энэ
нь эргээд өгөөжөө өгдөггүй, харин ч урсгал зардлыг улам нэмэгдүүлж байдаг
учраас төсвийнхөө бодлогоос гажаад байдаг. Тэгэхээр ОНХС-ийн хөрөнгийг Дархан
хотын цахилгааны хоёр дахь эх үүсвэр, цахилгаан станц зэрэг томоохон үр өгөөжөө
өгөх төсөлд зарцуулах нь зүйтэй юм. Иргэд ч дээр дурдсанчлан манай байрны
дээврийг засаад өгөөч гэхээсээ илүүтэй нийтийн эрх ашигт хамаатай томоохон
ажлууд дээр дуу хоолойгоо нэгтгэдэг байгаасай гэж боддог.
- Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт татах
тухай их ярих болжээ.
-Гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого бол хамгийн зөв. Ялангуяа эдийн засгийн
хямралтай үед гадаад харилцаагаа өргөтгөх, тэдний хөрөнгө оруулагчдыг татах
таатай нөхцлийг бүрдүүлэх тал дээр манай аймаг онцгой анхаарч байна. Үүний үр
дүнд таны хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд манай аймаг Жайка, Койка, Дэлхийн зөн,
Тика зэрэг ОУ-ын байгууллагуудтай олон төсөл хөтөлбөрт хамтарч ажилласан.
Цаашид ч хамтарч ажиллана. Гэхдээ зөвхөн бид мөнгө гуйх биш гадаад харилцаа
гэдэг харилцан ашигтай байх ёстой.
-Шилэн данс буюу санхүүгийн ил тод байдал манай аймгийн хувьд
ямар түвшинд байна гэж үздэг вэ?
- Хуулийн дагуу манай аймаг санхүүгийн мэдээллээ ил тод хүргэж
хэвшсэн. Хамгийн анх төсвийн ил тод байдлын самбарыг бий болгосон аймаг
гэдгээрээ онцлогтой. Үүгээрээ ч улсад тодорхой хэмжээний үнэлгээнүүдийг авч
байсан. Харин эдгээр нээлттэй мэдээллийг иргэд маань сайн хэрэглэдэг байгаасай.
Мөн судалгаа шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудын дуу хоолой
өндөр байх ёстой. Тэр хэрээр бид бодлогын түвшинд хамтарч илүү үр дүнтэй
ажиллана гэж бодож байна. Түүний зэрэгцээ нэгэнт хямрал бий болчихсон нөхцөлд
хумиад байна, хасаад байна гэж ярихаасаа илүүтэйгээр хямралыг даван туулахад
иргэд бид гар бие оролцох ёстой. БНСУ хямралын үед эмэгтэйчүүд нь ээмэг бөгжөө
төрдөө өгч, улсынхаа банкны алтны нөөцийг бүрдүүлсэн гэж ярьдагчлан бид ч нэг
зүгт харах ёстой. Бидэнд эрсдэлийг тооцож, санхүүдээ ханддаг хандлагаа
өөрчлөх цаг үе тулгараад байна. Тиймээс Дарханчууд бид ил тод нээлттэй
засаглалтай, мөнгөтэй холбоотой шийдвэр бүрээ ард иргэддээ танилцуулсан, иргэд
маань ч аймаг, орон нутгийн зүгээс хэрэгжүүлж буй ажлуудад идэвхтэй
оролцдог байх нь чухал. -Баярлалаа. Ярилцсан: М.Гүнжилхам