Шинээр томилогдсон хэлтэс агентлагийн дарга нарын ажлын байдалтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого хяналтын хороо, Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын хяналтын хорооны гишүүд /2016.11.07/ өдрийн 15.00 цагт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Иргэддээ үйлчлэх төрийн албаны соёлыг төлөвшүүлэх эрхэм зорилготой тус газар нь Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Захиргаа хяналтын гэсэн 3-н хэлтэстэйгээр нийт 44 хүний бүтэц орон тоотойгоор ажиллаж байгаа ажээ. Аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хуучин байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн төв болгохоор шийдвэрлэж засаг даргын нөөц сангаас 5,5 сая төгрөг, 2013-2016 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 30 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосны үндсэн дээр өнөөдөр Хөгжлийн төв тасралтгүй ажиллагаагаа явуулж хэвшсэн билээ. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хуучин байранд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг “Нөхөн сэргээх анги, “Сэтгэл шингэсэн үйл” ТББ, Дохионы хэлний хэлмэрч оруулагчдын холбооны дархан дахь салбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгсэлүүдийг хөнгөлөлттэй үнээр борлуулдаг “Очирт тулга трейд” ХХК, Насан туршийн боловсролын төв байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг нь аймгийн хүн амын 4,4 хувийг эзэлж байна. Тиймээс ийнхүү аймгийн удирдлагууд эдгээр иргэдийг анхааралдаа авч тэднийг нөхөн сэргээх эмчилгээнд болоод сурч боловсрох орчин нөхцөлийг ийнхүү хөгжлийн төвөөрөө дамжуулан олгож байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь өнгөрсөн 10 дугаар сард хийсэн онцлох ажлуудаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. Нарны хүүхдүүд асрамжийн газартай хамтран Орхон, Хонгор, Шарын гол сумын зорилтот бүлгийн 150 хүүхдэд хувцас бэлэг гардуулсан байна. Мөн зорилтот бүлгийн 50 хүүхдэд хүнсний хангамжийг сайжруулахад нэг жилийн хугацаанд сар бүр 20 мянган төгрөгийн хүнсний туслалцаа үзүүлэх эрхийн бичиг олгожээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид 10 сая, иргэнд 5 сая хүртэлх зээлийг олгож эхэлсэн бөгөөд цаашид 250 гаруй сая төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байгаа ажээ. За ийнхүү аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар цаашид зулзагын гол байрладаг “Гүнд” амралтыг их засварт оруулах, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулж, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн чанар хүртээмжийг сайжруулж ажилгүйдлийг багасган иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа ажээ.