Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүйн асуудал хариуцсан орлогч дарга Т.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар өнөөдөр /2016.11.11/аймгийн Цагдаагийн газрын ажилтай танилцаж, тус байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын танилцуулга, аймгийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ГХУСАЗЗөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажлын тайлан, төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн тухай танилцуулга зэрэг мэдээллүүдийг хийсэн юм.
Дархан-Уул аймагт гэмт хэргийн гаралт 2016 оны 11 сарын байдлаар 574 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сар бүр 12,0 хувиас 18,3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тухай дээрх илтгэлүүдэд онцолж байлаа.
Аймгийн ИТХ болон Засаг даргаас Цагдаагийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явагдахад шаардлагатай санхүүжилтаар тогтмол дэмжиж ирсэн бөгөөд тухайлбал Цагдаагийн газрын спорт танхимыг засварлахад 9,8 сая, төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийг шинэчлэхэд 8,1 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас шийдэж өгчээ.
Мөн аймгийн удирдлагууд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ Цагдаагийн газрын спортын танхим болон төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн ажиллагаатай танилцсан юм.
Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар 114 ширхэг хотын хяналтын, 14 ширхэг тусгай зориулалтын хяналтын камер ажилладаг бөгөөд төрийн 86 байгууллагын шилэн кабелийн нэгдсэн сүлжээг ашиглахаар иж бүрэн тоноглосон, өгөгдөл хадгалах 86 Tера байтын багтаамжтай архивын төхөөрөмж, хяналтын нэгдсэн төв, хурлын тоноглогдсон тусгай өрөө зэрэг тоног төхөөрөмжийн иж бүрдэлтэйгээр ажиллаж байна.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: -“Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд цаг наргүй зүтгэдэг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал солилцсон ач холбогдолтой уулзалт боллоо” хэмээн онцоллоо.