Дархан-Уул аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүүтэй ярилцлаа
Манай аймгийн хэмжээнд тэргэнцэртэй 70 гаруй хүн байдаг. Тэдний 80 хувь нь бусдын анхаарал болгоомжгүй байдал, буруутай үйл ажиллагаанаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон нь харамсалтай. Энэ тоо хүмүүс бид жолооны ард суухдаа, байшин барилга барихдаа магадгүй бусдад нөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргахдаа ч ямагт бусдын эрх, эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстойг анхааруулж байгаа мэт.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэргэнцэртэй иргэдийн холбоо хэдэн онд ямар зорилготойгоор байгуулагдсан бэ?
Дархан-Уул аймагт Тэргэнцэртэй иргэдийн холбоо 2011 онд байгуулагдсан. Холбоо маань хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн дуу хоолой болох, далд байгаа ХБИ-дийг ил гаргаж ирэх, сургалтанд хамруулж, ажил хөдөлмөрт сургаж нийгэмшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Холбоо байгуулагдсан цагаасаа хойш тэргэнцэртэй иргэддээ үйлчилж хэвтэрт байгаа иргэдийнхээ сэтгэл санааг дэмжихийн тулд олон сургалт, зөвлөгөөнд хамруулж байна. Үүний үр дүнд нийгэмшээд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа олон хүн байна. Жишээлбэл, аймгийн ХХҮГ-тай хамтарч компьютер, эсгий бойтог, арьс ширэн эдлэлийн сургалт явуулснаар “Сэтгэлд шингэсэн үйлс” ТББ, “Хөгжил бизнес төв” зэрэг бүлэг, нөхөрлөл бий болж хамтран хөдөлмөр эрхэлж байна. Мөн холбооны гишүүд болох н.Пүрэвхүү “Амьдрах арга ухаан” сургалтыг явуулж байна. н.Жанчив маань хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Эдгээр хүмүүсээс гадна гэрээрээмонгол дээл, гутал оёдог, эсгий урлал хийдэг хүмүүс байна.
-Тэргэнцэртэй иргэдийн хичнээн хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа вэ?
Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвхөн тэргэнцэртэй 70 гаруй иргэн байдаг. Үүнээс гадна нуруу нугас, тулгуур эрхтний гэмтэлтэй, саажилттай 300 орчим иргэн байна. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь Тэргэнцэртэй иргэдийн холбоонд харьяалагддаг. Тэд маань хөгжлийн бэрхшээлтэй гээд алгаа тосоод суугаагүй. Хамтран ТББ болон төв нээн хөдөлмөр эрхэлж байна. Мөн хувиараа ногоо тарих, юм оёх, хэвлэлийн эх бэлтгэх, таксины жолооч хийх зэргээр болон төрийн, төрийн бус байгууллагууд нийт 100 гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж байна. Би аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт мужааны ажил эрхлээд дөрвөн жил болж байна.
-Эрүүл мэндийн үйлчилгээг та нар маань хэрхэн авч байна?
ХБИ-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог хурал болдог. Энэ хурлаар орохоор эмч нарын зүгээс эмнэлэгт үзүүлсэнгүй, хэвтсэнгүй, эмчилгээ хийлгэсэнгүй, бичилт хийлгээгүй байна гэж буцаадаг. Гэтэл манай зарим эмч нар эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж сувилуулах гэхээр одоо эмчилгээ байхгүй, хэвтэж яах юм бэ, ямар ч хэрэггүй гээд байдаг. Энэ нь бидэнд хүндрэлтэй байдаг. Тиймээс эмч нарын ёс суртахууныг цэнэглэж өгмөөр санагддаг.
-Осол аваар хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг шиг хоромхон зуур анхаарал саринах төдийд л болдог шүү дээ. Гэнэтийн осол аваарт орж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс асар их сэтгэлийн өөрчлөлтөнд ордог болов уу?
Би 18 настайдаа хөдөө ажлаар явж байгаад осолд орж суумгай болсон. Мэдээж тэр үед сэтгэл санаагаар унаад хүний нүүр харж чадахгүй хаяа эмнэлэг явах гээд үүрүүлээд явж байхдаа үүрүүлж яваа хүнийхээ нуруунд нүүрээ нуугаад л явдаг байсан. Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны хүмүүстэй уулзаж ярилцаад сургалтанд суугаад их өөрчлөгдсөн. Бусад хүнээс ялгарах юм нь би алхаж л чадахгүйгээс биш надад сэтгэх бодох, харах чадвар гээд бүх зүйл байгаа учир ингэж амьдарч болохгүй юм байна гэж бодсон. Ер нь гэнэтийн осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс бүгд л сэтгэл санаагаар маш их унадаг. Яг тэр үед нь зөв яриад, зөв чиглүүлээд өгвөл тэр хүн амархан сэргэдэг. Ялангуяа гэр бүлийнхэн асар их нөлөөтэй.
-12 дугаар сарын 3-ны өдөр ХБИ-ийн Эрхийг хамгаалах олон улсын өдөр болно. Үүнтэй холбоотоогоор тэргэнцэртэй иргэдийнхээ дуу хоолой болж аймгийн удирдлагуудад болон холбогдох албаныханд хандаж хэлэх үг байна уу?
Би энэ өдөр аймгийн Засаг дарга болон бусад холбогдох удирдлагуудаас 2017 оныг ХБИ-ийн дэд бүтцийг хангасан жил болгож өгөхийг л хүсмээр байна. Засаг дарга маань энэ асуудалд онцгой анхаарна гэж итгэж байна.