Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН “ГОЁ ГОЁ” ТӨВ НЭГ НАС ХҮРЛЭЭ

2017-03-31

Дархан-Уул аймагт хүүхдэд зориулсан эрүүл мэндийн төв 2016 онд ашиглалтад орсон билээ. Хүүхэд багачуудыг хорт зуршил болон халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэнддээ тогтмол анхаарал тавих чадварыг багаас нь өндөр үр дүнтэйгээр эзэмшүүлэх судалгааны ажлыг аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрхүү, КOIKA олон улсын байгууллагаас тус аймагт эрүүл мэндийн боловсролын зөвлөхөөр ажилласан Сон Ён Ран нар хамтран хийжээ. Уг судалгааны дүнг KOIKA олон улсын байгууллага, Боловсрол соёлын газарт танилцуулснаар сургалтын төв байгуулах төсөл хэрэгжиж, KOIKA олон улсын байгууллагаас 35000 ам.доллар, улсын төсвөөс 13200 ам.долларын хөрөнгө оруулалтаар “Гоё Гоё” төвийг байгуулж 2016 оны 4 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн A байранд байрлах “Гоё гоё” хүүхдийн эрүүл мэндийн төв нь хүүхдүүдэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар дадал хэвшлийг сургаж ирээдүйн эрүүл монгол иргэнийг бий болгох зорилготой.
Ингээд аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрхүүгээс тус төвийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

- “Гоё гоё” төв ашиглалтад ороод нэг жил болжээ. Энэ хугацаанд ямар ажлууд зохион байгуулав. 
- 2016-2017 оны хичээлийн жилд төр хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 12 сургууль манай төвд хамрагдсан.
Бага ангийн 4346 сурагч, 146 багш, 809 эцэг эх, 22 эмч, дунд, ахлах ангийн 246 сурагчдад эрүүл амьдралын хэвшил сэдвээр сургалт зохион байгууллаа. Одоо тус төв аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газрын харьяанд байнгын сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, амны хөндий, түүний бүтэц үйл ажиллагаа, гарын эрүүл ахуй, зөв эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, архи, тамхины хор уршиг, үр тогтолт зэрэг сэдвүүдийн дагуу хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлээ явуулж байна.
- Сургалтынхаа үр дүнг хэрхэн тооцож байна вэ?
- Сургалтын гол утга учир нь хүүхдүүд өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зургаан төрлийн зөвлөгөө хичээлийг заадаг. Улсын хэмжээнд энэхүү төв маань одоогоор ганцхан байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамрагддагаараа давуу талтай. Эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв арга барилыг цаашид зуршил болгоход нь туслах сайхан боломж юм. Жилдээ 1 анги 1 удаа хамрагдаж байгаа. Эрүүл мэндийн хичээл хаагдсан учраас энэхүү сургалт эцэг эх, хүүхдүүдэд маш үнэтэй зөвлөгөө болж байгаа. Манай гол давуу тал бол зөвлөгөө өгөхөөсөө илүү хүүхдүүдийн нас сэтгэхүйд нь тохирсон сонирхолтой орчинд хичээл бүрийг биетээр үзүүлдэг юм. Сургалтын орчин сайн бүрдсэн учраас хүүхдүүдэд сонирхолтойгоор хичээлээ хүргэж чаддаг. Мөн тоглоомын аргаар хичээлээ бататгадаг нь өндөр үр дүнтэй байгаа. Бидний амьдралд өдөр бүр тулгамдаж буй гол сэдвүүдээр хичээлээ зааж байгаа учраас сурагчдад идэвхтэй оролцож, харилцан ярилцаж, чөлөөтэй асуулт асууж ярилцах боломж олгодог. Сурагчид хоол хүнсээ сонгохдоо буруу зүйлсээс татгалздаг болсон. Шүд, гар угаахыг бидэнд заах буюу өөрсдөө сайн угаадаг болсон зэрэг үр дүн гарч байна. 
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, амьдралын хэвшлийн талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээс танилцуулаач? 
- Жишээлбэл: 12 дугаар ангийнхны дунд хийсэн судалгаанд 15-17 насны 50 сурагч хамруулахад нийт сурагчдын 64% нь 160-170 см өндөртэй, 58% нь 55-68кг жинтэй. 58% нь биеийн галбир хэвийн гарсан байна. Хооллолтын хувьд өглөөний цайгаа уудаггүй болон уух цаг гардаггүй гэсэн асуултад 72% нь хариулж байгаа нь хооллолт буруу байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Харин гэртээ хангалттай хоол хүнсгүй, өлссөн өдөр байдаггүй гэсэн нь сайн байлаа. Кола болон хийжүүлсэн ундаа, пицца, шарсан хоол хүнс, түргэн хоол хүнс 68% нь хэрэглэж байгаад нь санаа зовниж байна. 
Судалгаанд хамрагдагсдын 56% нь байнгын дасгал хөдөлгөөн хийдэг гэсэн нь хөдөлгөөний дутагдалтай байгаа нь харагдаж байна. Гарын ариун цэврийг тогтмол дадал хэвшил болгосон нь 75,3% байгаа нь зөв дадал хэвшилтэй болсныг харуулж айна. Мөн шүдээ угаахын ач холбогдлын талаар судалгаа авахад нийт судалгаанд оролцогсдын 74,6% нь өдөрт 1-2 удаа угаадаг, шүдээ угаахын ач холбогдлын талаар хичээл орсон гэж хариулсан байгаа нь амны хөндийн ариун цэврийн талаарх ойлголт боломжийн гэж дүгнэлт хийж байна. Судалгаанд оролцогсод маань архи тамхи хэрэглэж үзсэн үү гэсэн асуултад хэрэглэж үзээгүй болон хэрэглэдэггүй гэж хариулсан сайн тал байлаа. Энэ мэтчилэн анги бүлэг, насны онцлогоор судалгаанд хамруулж дүгнэлт гаргаад байна.

- Гоё гоё төвөөр үйлчлүүлэхийг хүссэн эцэг эх сурагчид хэрхэн яаж хандах уу? Амралтын өдрүүдэд үйл ажиллагаа явуулдаг уу?
- Манай төв нь хорт зуршлаас сэргийлэх, чийрэгжүүлэх, хооллох боловсрол олгох, шүдний, нөхөн үржихүйн эрүүл мэндийн танхимууд болон 30 хүний суудал бүхий сургалтын видео танхимаас бүрдсэн. 
Эцэг эх, багш нарын санал сэтгэгдэлтэй танилцахад 90% орчим нь жилдээ нэг удаа биш 14 хоногтоо эсвэл улиралдаа 3 удаа эрүүл мэндийн сургалт явуулахыг хүссэн байна. Энэ хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төлөвлөгөө гаргаж ажиллана. 
Ер нь “Гоё Гоё төвөөр дамжуулан дан ганц танхимын боловсрол олгохоос бус цахим орчинд илүү хүртээмжтэй мэдээ мэдээлэлд түшиглэсэн хэлбэрээр эрүүл мэндийн боловсролыг олгож эхлэхээр төлөвлөж байна. Энэ нь бүрэг ичимхий бусдад өөрийн санаа бодлоо илэрхийлж чадахгүй байгаа өсвөр насны хүүхдүүдэд чухал юм. Манай төвд одоогоор байнгын ажиллагаатай нээлттэй утас байхгүй учир цахим захидал хэлбэрээр харьцах нь цаг хугацаа болоод орон зайг үл харгалзан эрүүл мэндийн боловсрол олгохоороо ач холбогдолтой болох юм. 
- Цаашдын үйл ажиллагааны зорилгын талаар тодруулна уу?
- Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газраас Эрүүл мэндийн газартай хамтын гэрээ байгуулан нарийн мэргэжлийн эмч нарын багийг энэ хичээлийн жилд багтааж сард нэг өдөр Гоё Гоё төвд ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа.
Цаашид төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагууд хамтран олон олон Гоё Гоё төвүүдийг бий болгож бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. 
Монголын олон мянган үрс эрүүл чийрэг өсөж Монгол улсаа хөгжүүлэх болтугай.

ЯРИЛЦСАН: Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%